Mongolia

Коронавирусын эсрэг тэмцэхийн тулд Монгол дахь ГПЖ-ын сэтгүүлч ажлаа түр завсарлав

Батсүхийн Одончимэг нь Монголын Архангай аймгийн хамгийн том эмнэлгийн тархвар судлаач ганц эмч юм. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр тэрээр ГПЖ-д ажилд ороод удаагүй байна. Коронавирусын аюул нүүрлэсэн энэ үед тэрээр сурвалжлагчийн ажлаа түр азнаад байгаа ч хожим болсон явдлын тухай өгүүлэх чухал хэрэгцээ бий гэдэгт итгэлтэй байна.

Read this story in

Publication Date

GPJ Journalist Puts Reporting on Hold to Fight Against Coronavirus

Батсүхийн Одончимэг нь Монголын Архангай аймгийн хамгийн том эмнэлгийн тархвар судлаач ганц эмч юм. Өнгөрсөн жил тэрээр Глобал Пресс Жоурналд ажиллаж эхлэн аймгийнхаа цор ганц олон улсын сэтгүүлч болсон.

Publication Date

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМ, МОНГОЛ УЛС- Хоёрдугаар сарын 13-нд шөнийн 3 цагт утас дуугарахад яаралтай хэрэг гарсныг би ойлгосон.

Монголын төв хэсэгт орших Архангай аймагт би ажиллаж, амьдардаг. Аймгийнхаа хамгийн том эмнэлгийн тархвар судлаач ганц эмч нь би.

Хоёрдугаар сард шинэ коронавирусын тухай бидний мэдэхгүй зүйлс их байв. Одоо ч бид яаралтай арга хэмжээ авах бэлтгэлээ базаасаар байна. Хил залгаа орших БНХАУ-аас коронавирусын халдвар орж ирэх эрсдэлээс сэргийлэн Монголын засгийн газар нэгдүгээр сарын 27-ны өдөр ихэнх нутагт хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.

Тэр шөнө над руу залгасан сувилагч ойролцоох сумын нэг хүнд коронавирусын (КОВИД-19) халдварын шинж тэмдэг илэрсэн тухай хэлсэн.

Утсаар яриад удаагүй байтал түргэн тусламжийн машин ирж намайг авсан. Бид 36 километр (22 миль) явж, Булган сумд хүрэв. Халдварт өвчний эмч, лабораторийн ажилтан, бас өөр нэг ажилтны хамт өвчтөний гэрт очихын өмнө бид хамгаалах хувцас хэрэглэл өмсөж, өвчтөний тодорхойлолттой танилцсан.

Тэр харанхуй шөнө хоёрдугаар сарын тэсгэм хүйтэн хариугүй нимгэн хамгаалах хувцсыг маань нэвт хайрч байв.

expand image
expand slideshow

Одончимэгийг хүмүүс Одноо гэж дууддаг. Тэрээр сурвалжлагчийн ажлаа одоогоор түр азнаад байгаа ч коронавирусын дараах дэлхий ертөнцөд Монголын тухай өгүүллүүд хүргэх мөчийг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлэв.

Миний бие есөн жил тархвар судлаач эмчээр ажиллаж байна. Ээж минь намайг эмч болгохыг хүссэн. Гэр бүлийн хүн маань бас эмч. Гэвч хүүхэд байхдаа би сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа.

Одоо харин би аль алиныг хийж байна. Хоёр ажил маань хоорондоо төстэй.

Тархвар судлаач эмчийн хувьд би халдварын хэв шинжийг судалж, халдвар тархалтын зураглал гаргадаг. Глобал Пресс Жоурналын сурвалжлагчийн хувьд харин би асуудлыг судалж, үүссэн үр дагаврын тухай өгүүлдэг.

Глобал Пресс Жоурналын сургалтыг зохион байгуулагч Глобал Пресс Институтийг би өнгөрсөн оны сүүлээр төгссөн. Монголд бэлтгэгдсэн долоон сэтгүүлчийн нэг нь болж, дэлхийн уншигчдад Монголын тухай өгүүлэх их хариуцлагыг хүлээсэн. Хагас цагаар ажиллах гэрээ байгуулсан болохоор би шинэ ажлынхаа хажуугаар эмнэлэг дээрх ажлаа хийх боломжтой болсон.

Сэтгүүлч болоод ганцхан сар болж байхад цар тахал дэгдэж, хоёр ажлаа амжуулах гэсэн миний чадвар, цаг зохицуулалтыг сорино гэж хэн мэдэх билээ.

Манай эмнэлэг 328 ажилтантай боловч тархвар судлаач ганцхан эмчтэй. Тэр нь би.

expand image
expand slideshow

Тархвар судлаач эмч, сэтгүүлч, ээж, бас удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж буй эх хүнээс дэлхийг нөмрөөд буй цар тахал арай л ихийг хүсээд байх шиг.

Хоёрдугаар сарын тэр зэврүүн шөнө шинэ халдварт өвчнийг тусчих вий гэх айдас төрж, надад аймшигтай санагдаж байсан. Эмч хүн шиг өөрийн аюулгүй байдлыг ханган, гар дээр минь байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх гэж хичээж байсан ч давхар бас сурвалжлагч хүн шиг сэтгэж байсан. Эндээс ямар өгүүлэл гарч болох вэ! гэж. Эх хүний мэдрэмж бас төрсөн. Ар гэрт хүүхдүүд минь байгаа. Дээрээс нь би зургаан сартай жирэмсэн. Хүндхэн шөнө болж өнгөрсөн ч үүнтэй адил өдрүүд тэр өдрөөс хойш олон ч тохиов.

Булган сумын өвчтөний КОВИД-19-ын шинжилгээний хариу сөрөг гарсан. Түүн дээр очсоноос хойш сарын дараа Монгол улсын Онцгой Комиссоос жирэмсэн болон 12-оос доош насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ ажлаа хийх боломжоор хангах эсвэл цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан.

Би чөлөө авах тухай бодож үзсэн ч ийм цаг үед ажлаа орхиж чадаагүй. Эмнэлэгт надаас өөр тархвар судлаач эмч байхгүй. Дэлхий даяараа энэхүү аймшигт тахалд нэрвэгдээд байхад би ажлаа орхиж чадаагүй.

Гуравдугаар сарын 11-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусын халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарлав. Одоогийн байдлаар нийт 2.4 сая хүн уг халдвараар өвчилж, 166 мянга гаруй хүн нас бараад байна.

Тийм болохоор би ажлаа үргэлжлүүлэн, илүү цагаар ажиллаж байна. Халдварын тохиолдол гэнэт ихээр битгий гараасай гэж хүсэж байгаа ч болзошгүй аюулд бэлтгэн эмнэлгийн ажилтнуудаа сургаж байна.

expand image
expand slideshow

Шинэ коронавирусын халдвар дэгдсэнээс хойш тэрээр КОВИД-19 туссан их өвчтөнүүдийг хүлээн авахад бэлтгэн, орон нутгийнхаа эрүүл мэндийн ажилчдыг сургах ажилд олон сар зарцуулж байна. Одоогоор тухайн аймагт халдвар бүртгэгдээгүй байгаа нь сайн хэрэг.

Энэ хэцүү цаг үед сурвалжлагчийн ажлаас илүү эмчийн ажлаа би урьтал болгосон. Яагаад гэвэл би тангараг өргөсөн эмч хүн. Гэхдээ удахгүй бид аюулын ард гарахад хүмүүст хүргэх илүү олон түүх бий болно. Эдгэсэн, өвдсөн тухай түүхүүд. Шинэлэг санаа, харуусал. Коронавирусын дараах амьдралын шинэ хэв маягийн тухай өгүүллүүд гарах болно.

Эдгээр түүхийг хүмүүс сонсох учиртай.

Хэдийгээр би эмнэлгийнхээ тархвар судлаач ганц эмч нь ч гэлээ бас энд ажиллаж, амьдардаг олон улсын ганц сэтгүүлч нь.