Mongolia

Засгийн газрын цахим үйлчилгээг ашиглаж чадвал амьдралыг хөнгөвчилнө

e-Mongolia төсөл нь төрийн үйлчилгээг хялбар бөгөөд авилгаас ангид хүргэх зорилготой боловч хэрэглэгчдийн ур чадварын түвшин, технологийн бололцооноос үүдэн хязгаарлагдмал хүртээмжтэй байна

Read this story in

Publication Date

Digital Initiative Makes Life Easier — For Those With Access

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Орхон аймгийн цэцэрлэгийн эмч Лувсандагвын Байгалмаа e-Mongolia цахим хөтчөөс бичиг баримт хэвлэж байна. Өмнө нь эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлэхийн тулд тэрээр ажлаа зохицуулж, төрийн байгууллагын гадаа дугаарлах шаардлагатай болдог байв.

Publication Date

Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт хот — Өнгөрсөн намар цэцэрлэгийн эмч Лувсандагвын Байгалмааг ажлын өрөөндөө сууж байхад хаалга онгойж “Эмч ээ, гялс нэг хүүхэд үзээд өгөөч”, “Хурдлаарай” хэмээн нэгэн эмэгтэй сандарсан байдалтай хэлэв.

Байгалмаа цалингийн зээл авахын тулд банкны лавлагаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэрэг бичиг баримт хэвлэж байхдаа яаралтай дуудагдан өвдсөн хүүхэд үзэхээр гарсан юм. Өмнө нь тэрээр төрийн байгууллагууд руу олон удаа биеэр очиж, бичиг баримт бүрдүүлэхээр явдаг байсан ба ажлын онцлогоос шалтгаалан, тэр тусмаа цар тахлын үед, ханиад томууны улирлын эхэнд гадуур ажил хөөцөлдөхөд түүнд чирэгдэлтэй байдаг байжээ. Засгийн газрын e-Mongolia санаачилга түүний амьдралыг хөнгөвчлөх болсон байна.

“Байгууллагын үүд сахиж оочирлож зогсохгүй, хүүхдүүд яаж байгаа бол гэж ажил руугаа ч яарч, сандарч, санаа зовох зүйлгүй амар болсон” хэмээн тэрээр хэлэв.

2020 онд нээлтээ хийсэн e-Mongolia цахим систем нь дэлхий дахиныг хамарсан цахим засаглалын давлагааны нэг жишээ ба вакцинжуулалтын гэрчилгээ, газрын бүртгэл, гэрлэлтийн бичиг баримт гэх зэрэг 1179 үйлчилгээг төрийн 60 байгууллагаас цахимаар авах боломжтой болжээ. Нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох хүний тоо 2 бөгөөд Дэлхийн банкнаас гаргасан 2018 оны тайланд дурдсанаар хүн амын 90 орчим хувь нь нийгэмд авилгын харилцаа бий хэмээсэн тус улсад e-Mongolia санаачилга олон монголчуудад ажил төрлөө хүнд сурталгүйгээр хялбар бүтээхэд нь тус болж байна.

Өмнө нь Л.Байгалмаад төрийн байгууллагаас бичиг баримт хурдан гаргуулж авахын тулд төрийн албан хаагчдад мөнгө өгөх, таньдаг хүнээрээ дамжуулж яриулах, хоолонд оруулах зэрэг шаардлага тулгардаг байв. Хэрэв ажил бүтэхгүй бол “Хэдэн өдөр төрийн байгууллагын үүдийг сахих хэрэгтэй болдог” гэж хувиараа бизнес эрхлэгч Баярмандахын Энхболд хэлсэн. Булган аймгийн харьяат, 33 настай Очирхуягийн Оюунбаяр газар өмчилсөн гэрчилгээ авахын тулд 2 долоо хоног хүлээсэн гэж байв. Харин e-Mongolia цахим үйлчилгээг ашиглаж тэрээр өдөрт нь бичиг баримтаа гар дээрээ авсан байна.

“Төлбөр төлөх арга нь амар хялбар, ашиглах заавар нь тодорхой, хурдан шуурхай, хүлээгдэл байхгүй байсанд сэтгэл хангалуун байна” гэж Оюунбаяр хэлэв.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

e-Mongolia цахим үйлчилгээний иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төвийн Орхон аймаг дахь салбарын оператор Очирхуягийн Уранзаяа, баруун гар талд, Ганхуягийн Мөнгөнгүүрт хэрхэн гар утасны e-Mongolia аппликэйшнийг татаж, нэвтэрч орох тухай зөвлөгөө өгч байна.

Монгол Улс 2020 онд Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан Авилгын төсөөллийн индексээр 179 орноос 111 дүгээр байранд орж, авилга ихтэй улсын тоонд багтаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд e-Mongolia төслийн удирдагч Батцэнгэлийн Болор-Эрдэнийн хэлснээр цахим үйлчилгээг нэвтрүүлснээс хойш авилгын түвшин 20-30 хувь буурчээ. Авилгатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Цэдэн-Ишийн Шинэбаяр нь цахимжуулалт нь эгэх хариуцлагыг нэмэгдүүлдэг гэв. “Цахимжсан бүх харилцаа нь баримт нотолгоотой, дижитал ул мөртэй болж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтнаас хамаарал бага байх болно” гэж тэрээр хэлсэн. Түүнчлэн “Шууд харьцахаа больсноор төрийн албан тушаалтнуудад ирдэг дарамт шахалт, тэдний зүгээс иргэдэд тавьдаг хууль бус хүсэлт эрс багасна” гэсэн юм.

Цахим үйлчилгээний хөтөч дээр нийтэлсэн статистик мэдээллээс үзэхэд өнгөрсөн 16 сарын турш 8 сая орчим иргэн e-Mongolia-г ашиглан үйлчилгээ авчээ. Гэвч хүн бүр энэхүү цахим үйлчилгээг хүртэх боломжгүй байна. Дэлхийн банкнаас сүүлд гаргасан тоон мэдээлэлд 2020 оны байдлаар монголчуудын 63 орчим хувь нь интернет хэрэглэж байгааг дурджээ. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 22 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр нийт өрхийн 80 хувь нь 2022 он гэхэд интернэтийн сүлжээнд холбогдоно гэсэн байна.

Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин иргэн Батхуягийн Доржханд e-Mongolia цахим үйлчилгээний тухай сонссон боловч ашиглах боломжгүй тухайгаа хэлсэн. “Хөдөө газар утас, интернэт нь байхгүй болохоор ашиглаж мэдэхгүй ээ” гэв.

Цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас Улаанбаатар хотын захын дүүргүүд болон Төв, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төвийг нээн ажиллуулж байна.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

e-Mongolia цахим үйлчилгээний иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төвийн Орхон аймаг дахь салбар иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар авахад дэмжлэг үзүүлж байна.

“Иргэдэд биечлэн зааж өгөх нь видео бичлэг цацахаас илүү үр дүнтэй” гэж Болор-Эрдэнэ хэлсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэдээлэл, харилцаа холбооны технологийн агентлаг болох Олон улсын теле харилцаа холбооны байгуулагын мэдээлснээр 2017-2019 онд монгол иргэдийн зөвхөн 3 хувь нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн ахисан түвшний ур чадвартай байсан бол 13 хувь нь анхан шатны, 10 хувь нь стандарт түвшний ур чадвартай байжээ.

“Бид өдрийн турш ачаалал ихтэй ажилладаг” гэж e-Mongolia цахим үйлчилгээний иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төвийн Орхон аймаг дахь салбарын оператор Очирхуягийн Уранзаяа хэлсэн. Тус төвөөр өдөрт 100-200 хүн тогтмол үйлчлүүлдэг. Мөн тус төвд ажилладаг оператор Цогбаярын Уянгын хэлснээр цахим үйлчилгээнд нэвтэрч чадахгүй байгаа хүмүүс хэцүү, төвөгтэй хэмээн цухалдаж байна.

“Олон байгууллага дамжиж явахгүй, нэг газраас авч болдог нь сайхан санагдаж байгаа” гэж Орхон аймгийн иргэн Шагдарын Данзанванчиг хэлээд “Гэхдээ нууц үг нь болохгүй олон дахин нэвтэрч орох нь хэцүү юм” гэлээ.

e-Mongolia руу нэвтрэхийн тулд иргэд регистрийн дугаар, овог нэр, банкны мэдээллээ оруулах шаардлагатай. 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас иргэдийн хувь хүний өгөгдлийг хамгаалах хуулиудыг баталсан боловч хэрэгжиж эхлэх болоогүй байгаа аж. Монголчуудын хувьд e-Mongolia цахим платформ нь ажлыг хялбарчилж байгаа боловч таамаглахад бэрх орон зай мэт хэвээр байна.

“Хувь хүний мэдээллээ хулгайд алдах вий гэхээс жаахан эмээдэг” хэмээн цэцэрлэгийн эмч Байгалмаа хэлж байв.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.