Mongolia

Аминд халтай агаарын бохирдлын эсрэг яндан хөөлөгчид тэмцэж байна

Нүүрстөрөгчийн дан исэлд хордож нас барсан тохиолдол 2019 онд ээлж дараалан гарсан тул Монгол улс энэ жил угаарын хийн хордлогоос сэргийлэх шинэ шийдэл гаргажээ. Харин энэхүү шийдэл нь асуудлыг бүрэн шийдэж чадах болов уу?

Read this story in

Publication Date

Chimney Sweeps Attack Deadly Pollution Crisis

ОЮУНЧИМЭГИЙН НАНСАЛМАА, GPJ МОНГОЛ

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ахлах хяналтын ажилтан Дагвадоржийн Баттөмөр яндан хөөлөгчтэй хамт айлуудаар явж, асуудал байгаа эсэхийг хянаж, хөө тортгийг цэвэрлэж байна. Хяналтын ажилтан нь аюулгүй ажиллагааны талаар айл өрхүүдэд зөвлөмж өгч, утаа мэдрэгчийг хэрхэн суулгахыг тайлбарладаг.

Publication Date

Улаанбаатар хот, Монгол улс- Жизаабандийн Сүхбаатар алхаар зуухыг нүдэхэд хөө тортог бургиж, тоосонцор агаарт тархаж буй нь цонхоор тусах нарны туяанд үзэгдэнэ. Тэрээр гартаа бээлий өмсөж, зуухан доторх хөөг хутган гаргаж хувинд хийнэ.

Айл гэрийн гал голомтоо гэрийнхээ голд байрлуулдаг монголчуудын хувьд өнгөц харахад Сүхбаатар нь төрөөс даалгасан яндан хөөлөх ажлаа гүйцэтгэж байгаа жирийн нэгэн мэт харагдана.

Гэвч Сүхбаатар болон түүний хамт ажиллагсад нь олон мянган хүний амь аврах чухал ажил гүйцэтгэж яваа нь энэ.

Учир нь хөө, тортгийг цэвэрлэснээр тэр Улаанбаатарын оршин суугчдыг угаарын хийд хордож амь насаа алдахаас сэргийлж байгаа юм.

Монголын засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан нь 2019 онд хатуу сургамж үлдээсэн. Асуудлын шийдэл нь өөр нэг шинэ асуудал гаргасан нь иргэд угаарын хийд хордсон явдал байв. Нэг сарын дотор л наймаас багагүй хүн хордож нас барсан.

Дэлхийд агаарын бохирдлоор тэргүүлэгч улсуудын нэг болох Монгол улс угаарын хийнээс сэргийлэн зуух хөөлөгчдийг олон зуугаар нь ажилд авч, албаны хүмүүс үүнийгээ агаарын бохирдолтой тэмцэх өргөн хүрээний кампанит ажил гэжээ.

Цельсийн хасах 45 хэм (Фаренгейтийн хасах 49 хэм) хүрч хүйтэрдэг эгэлгүй, урт өвлийн улирлыг давахын тулд монголчууд олон арван жилийн турш боловсруулаагүй түүхийн нүүрсийг зууханд түлж ирсэн.

expand image
expand slideshow

ОЮУНЧИМЭГИЙН НАНСАЛМАА, GPJ МОНГОЛ

Дагвадоржийн Баттөмөр, Жизаабандийн Сүхбаатар нар шатаар өгсөж байна. Өнөөдрийн сүүлийн айлдаа тэд ирээд байна. Энэ айл ханын зуухтай бөгөөд энэ төрлийн зуухыг цэвэрлэхэд хамгийн бэрх байдаг аж. Хөл муутай болохоор Сүхбаатар дээвэр рүү авирсангүй. Харин хяналтын ажилтан Баттөмөр дээш гарч, хөөг доош нь унагааж байна.

Хямд нүүрс харин ч их үнээр олдсон болж таарав. Агаарын бохирдол ихээр нэмэгдэж, зүрхний өвчлөл, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины хорт хавдар болон бусад өвчлөлд хүргэв.

2019 оны тавдугаар сараас эхлэн монголчууд үнэргүй, утаа бага ялгаруулах сайжруулсан шахмал түлш худалдан авах шаардлагатай болсон.

Сарын хугацаанд л хүмүүс нас барж, 273 хүн угаарын хийнд хордсон. 2019 оны аравдугаар сард угаартаж нас барсан хүмүүсийн тоо 2018 оны бүтэн жилийн хугацаанд угаартаж нас барсан хүмүүсийн тоотой бараг эн тэнцсэн.

Айлууд яндангаа зөв хөөлөөгүйн улмаас угаарын хийнд хордож нас барсан гэж албаны хүмүүс тайлбарласан. Тиймээс засгийн газар хувийн компанитай хамтран айлуудын зуухыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 1,600 хүнийг ажилд авчээ.

Наймдугаар сарын дунд гэхэд яндан хөөлөгчид 28,400 гаруй айлын янданг хөөлөөд байна.

56 настай Сүхбаатар яндан хөөлөгч болохоосоо өмнө тогтсон ажилгүй нэгэн байв. Цайвар царайтай, намхан, туранхай биетэй тэрээр сардаа 800 мянган төгрөгийн ($281) тогтмол цалин төрөөс авдаг болохоор энэ ажлыг хийхээр болсон гэв.

“Өмнө нь би зуух хийдэг байсан болохоор энэ ажил амархан байна. Яндан ингэж их бохирддог гэдгийг мэддэггүй байж” гэж Сүхбаатар хэлсэн юм. Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Улаанбаатарт олон арван мянган иргэд гэрт амьдардаг ба ихэвчлэн хотын хамгийн ядуу хэсэг болох төлөвлөлтгүй гэр хорооллын бүсэд суурьшдаг. Монголын уламжлалт сууц болсон гэр нь модон хана, уньтай ба эсгий, даавуугаар хучигдсан байдаг. Нэг захаас нөгөө зах хүртлээ ерөнхийдөө 4-5 метрийн (13-аас 16 фут) урттай байдаг. Ихэнх гэр нь зууханд гал түлж халдаг.

Яндан хөөлөгч, хяналтын ажилчид нь хамтдаа багаар ажиллан, айлуудаар явж, угаартах эрсдэлийг судалдаг. Тэдний хийж буй ажлыг шүүмжилдэг хүмүүсийн нэг нь Сүндэлийн Бямбаа. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт амьдардаг тэрээр өнөөгийн залуус хэтэрхий ямбатай, яндангаа ч хөөлж чадахгүй болохыг төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр харуулж байна гэв.

“Яасан илүүдээ гарсан мөнгө вэ!” гэж тэрээр халагласан.

ОЮУНЧИМЭГИЙН НАНСАЛМАА, GPJ МОНГОЛ

Цэнхэр хувцастай хяналтын ажилтан Дагвадоржийн Баттөмөр болон яндан хөөлөгч Жизаабандийн Сүхбаатар нар хутгуураар хөөг ухан гаргаж, хувинд хийж байна. Дараа нь тэд хөөгөө хог руу аваачиж хаядаг. Мөн тэд цэвэрлэсэн зуух бүрийн зургийг гар утсаа ашиглан авдаг.

Яндан хөөлөгчид, хяналтын ажилчид нэг өдөрт дөрвөөс таван айлаар ордог. Ихэнх айлууд Сүхбаатар болон ажилчдыг дуртайяа гэртээ оруулна. Зарим нь бүр тэдний ажилд тусалдаг байна.

Тэд өглөөний 9 цагаас оройн 7 цаг хүртэл ажилладаг. Ажил дуусах үед тэд нил хөө тортог болсон байдаг аж.

Заримдаа шөнө дунд яаралтай дуудлага ирвэл яндан хөөлөгч, хяналтын ажилчид очих шаардлагатай болдог хэмээн засгийн газартай хамтран ажиллагч Таван толгой Түлш ХХК-ийн хяналтын инженер Бархүүгийн Өлзийбаяр хэлсэн юм.

Уг компани нь тусгай дугаарт дуудлага хүлээн авч, яндангаа хөөлүүлэх хүсэлт өгсөн хүмүүст үйлчилгээ үзүүлдэг аж. Тухайн утсанд нийт 33 мянга гаруй хүн ханджээ.

50 настай Цэдэндамбын Батцэнгэл нь хоёр ч удаа угаарын хийд хордсоныхоо дараа яндангаа хөөлүүлжээ.

2019 оны аравдугаар сард тэрээр 17 жил амьдарч буй хоёр давхар байшиндаа унтаж байжээ. Өмнө яндангийн утаа эсвэл нүүрснээс болж ямар нэг асуудал болж байгаагүй гэж тэрээр хэлсэн юм.

Гэнэт л тэр сэрээд хахаж эхэлсэн байна. Сувилагч дуудахаар залгаж байх үедээ 8-22 насны хүүхдүүд нь бүгд ухаангүй байгааг тэр анзаарчээ.

Тэд бүгд эрүүл мэндийн үйлчилгээ авч, бүрэн эдгэрчээ. “Амьсгал боогдож үхээгүй нь ёстой л бурхнаас заяасан хувь тавилан гэлтэй” гэж тэрээр хэлсэн юм.

2020 оны хоёрдугаар сард Батцэнгэл гэртээ дахин угаартаж, эмчилгээ авчээ. 2020 оны аравдугаар сард өвөл хаяанд ирж, гэрийнхэн нь галлаж эхлэх үед тэрээр яндан хөөлөгчийг дуудсан байна.

“Янданг цэвэрлэсэн болохоор одоо асуудалгүй байх гэж бодож байна” гэж тэрээр хэлсэн юм.

Хөгжлийн бэрхшээлийн тодорхойлолтоо Монголын төр өөрчлөх хэрэгтэй гэж хүний эрхийн тэмцэгчид учирлав Бусад нийтлэл унших бол дарна уу

46 настай Батбуянгийн Дамдинбазар яндангаа хөөлүүлэхээр есдүгээр сард дуудлага өгчээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрээр гэрээрээ шатар заадаг. Сайжруулсан түлш ашиглаж эхэлснээс хойш тэрээр яндангаа огт цэвэрлэгээгүй байгаа аж.

Өмнө зуухнаас утаа гараад байдаг байсан чинь яндан хөөлснөөс хойш гарахаа больсон гэж тэрээр хэлсэн юм. Мөн гэрийнх нь түлшний хэрэглээ гурав дахин багасжээ.

Монголын агаарын бохирдлыг арилгахад цогц төлөвлөгөө хэрэгтэй. Яндан хөөлөх нь юу ч болохгүй гэж яндан хөөлөх кампанит ажиллагааг шүүмжлэгчид хэлэв.

“Агаарын бохирдлыг бууруулахаар Монгол улс урт хугацааны арга хэмжээ аваагүй. Дан ганц сайжруулсан нүүрс ашиглаад байж болохгүй” хэмээн Утааны Эсрэг Ээж Аавууд төрийн бус байгууллагын тэргүүн, идэвхтэй тэмцэгч Цэрэндоржийн Пүрэвхүү хэлэв.

Агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөө Монгол улсад бий. Үүнд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, орон сууцжуулах төлөвлөгөө багтана гэж Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газрын бодлого зохицуулалтын дарга Цогбадрахын Цолмон хэлэв.

“Бид агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулахаар шат дараалан ажиллаж байна” гэж тэрээр хэлсэн юм. Мөн
сайжруулсан түлш ашигласнаар ирэх дөрвөөс зургаан жилд Монголд утаа буурна гэв.

Есдүгээр сараас хойш хүн угаарын хийд хордож нас барсан талаар албаны хүмүүс мэдэгдэл хийхээс татгалзсан.

Ямартай ч яндан хөөлөх үйлчилгээ Батцэнгэл болон түүний гэр бүлийнхнийг аварсан. “Мэргэжлийн яндан хөөлөгчид ажлаа сайн хийсэн. Тэд “бидэн шиг” олон хүнийг амьсгаа боогдож үхэхээс хамгаалж байна” гэж тэрээр хэлсэн юм.

Оюунчимэгийн Нансалмаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


Орчуулгын тэмдэглэл

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан. Манай орчуулгын явцын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.