Mongolia

Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний дутууг нэгэн аппликейшн нөхөж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зохистой нийтийн тээвэргүй нөхцөлд хувийн хэвшлүүд манлайлан ажиллах болов.

Read this story in

Publication Date

An App Fills This Public Transport Gap

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Монгол Улс, Улаанбаатар хот. Дуудлагын такси үйлчилгээний аппликэйшнд жолооч хийдэг Жигжиджавын Туяа Сэнгээбаатарын Одончимэгийг ажлынхаа хаалгаар гарахад тусалж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ — Цагааны Лхамжав хүүхэд байхаасаа тулгуур эрхтний бэрхшээлтэй байсан тул таяг түүний хувьд салшгүй нэгэн хэсэг болжээ. Ц.Лхамжав нэгэн удаа нийтийн автобусаар зорчоод буухдаа таягаа хугалсан нь түүнд тохиолдсон хүнд өдрүүдийн нэг байв. “Тэр өдөр хугархай таягтай автобусны буудлаас гэр хүртэлх зам бол амьдралдаа туулсан хамгийн хэцүү, хамгийн урт зам байсан” гээд “Тэр өдрөөс хойш би автобусанд суугаагүй” гэв.

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2017 онд хийсэн судалгаанаас үзэхэд 94,800 хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас ердөө 27.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэдний олонх нь дэд бүтцийн хангалтгүй байдал, тэр тусмаа нийтийн тээвэр, барилга байгууламж нь тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст ээлгүй байдаг ба өдөр тутамдаа нэр хүндтэй, сэтгэл ханамжтай амьдрах боломжгүй байдаг зэргээс болж гэрээсээ гарч ажиллахад хүндрэлтэй байдаг гэж хариулжээ. 2018 онд явуулсан судалгаагаар оролцогчдын гуравны нэг нь ажил эрхэлдэггүй шалтгаанаа дэд бүтцийн аюултай байдал гэсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод нийт 1207 нийтийн тээврийн хэрэгсэл явж байгаагаас 5 хүрэхгүй хувь нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд тохиромжтой байна. 2014, 2015 онуудад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Хүний эрхийн үндэсний хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн хүртээмжтэй байдлын үнэлгээнээс үзэхэд төрийн үйлчилгээний байгууллагуудын барилгуудын гуравны нэг хүрэхгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орж гарахад хангалттай хэмжээнд шийдэгдсэн байв.

Сэнгээбаатарын Одончимэг бол тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний амьдралыг туулж яваа нэгэн юм. Тэрээр “Би хүмүүсийн л адилаар хаана хоол идэх, ямар кино театрт кино үзэхээ шийдэх боломжтой байхыг хүсдэг” гээд “Харамсалтай нь надад идэх хоол, үзэх кино биш тухайн газрын барилга нь налуу шаттай билүү гэдэг бодол л хамгийн түрүүнд төрдөг. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг нь сонголт хийх эрх чөлөөгүй байна л гэсэн үг” хэмээн хэллээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухайн хуулийн дагуу 25 ба түүнээс дээш тооны ажилтантай байгууллагууд нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой орон тоогоороо сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр төлдөг. (Энэхүү төлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих төрийн санд хуримтлагддаг). Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын орчныг бүрдүүлж, гэрээсээ ажил хүртэл ирж, буцах, ажлын байрны тохижилтыг хүн бүрд хүртээмжтэй болгох асуудлыг давхар шийдэх хэрэгтэй болдог тул дийлэнх байгууллагууд төлбөр төлөхийг илүүд үздэг. Нөгөө талаас төлбөр төлсөн нь ажлын байрны хүртээмжийг хангахаас илүү зардал багатай байдагт учир оршино. Хуулийн хэрэгжилт сул байгаад мөн асуудал бий. Монгол Улсад 25 ба түүнээс дээш ажилтантай 7,200 компани байдгийн талаас илүү нь буюу 4,100 компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаггүй бөгөөд зөвхөн 300 гаруй нь л зохих төлбөрөө төлдөг.

expand image
expand slideshow

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах тусгай сургалтад 100 жолоочийг хамруулсан ЮуБиКаб такси үйлчилгээнд жолооч хийдэг Жигжиджавын Туяа нь Сэнгээбаатарын Одончимэгийг ажлаа тарсных нь дараа машинд суухад тусалж байна.

“Төр нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох нь нэн тэргүүний хийх ёстой ажил” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ хэллээ. Ажил руугаа ирж буцах нь олон хүнд томоохон бэрхшээл болдог. Шалтгаан нь ихэнх автобуснууд зориулалтын нам шатаар тоноглогдоогүй байдаг. Монгол Улсын хууль тогтоомжууд, тухайлбал 1999 оны хуульд олон нийтийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байна гэдэг боловч олон нийтийн орон зай, байгууламжийг илүү хүртээмжтэй болгох тал дээр засгийн газраас хүчин чармайлт төдийлөн гаргахгүй байгаа тухай хүмүүс хэлж байв. (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тайлбар өгөхөөс татгалзсан болно).

Энэхүү нөхцөл байдлын хүрээнд хувийн хэвшлүүд зах зээлийн орон зайг нөхөхийн тулд ажиллаж эхэллээ.

Улаанбаатар дахь ажлын оффист цагийн зүү 6-г заахад нэгэн эмэгтэй С.Одончимэгтэй мэндэлж, түүнийг тэргэнцэртэй нь түрж хаалгаар гараад, машинд суухад нь туслав. Жигжиджавын Туяа бол ЮуБиКабд такси үйлчилгээ эрхэлдэг жолооч юм. Тэрээр компаниас зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах сургалтад хамрагдсан 100 жолоочийн нэг. Төслийн зохицуулагчаар ажилладаг С.Одончимэг энэ үйлчилгээг авахаасаа өмнө ажил руугаа ирж буцахдаа нэг бол автобусаар зорчих эсвэл машинаар хүргүүлэхдээ бусад хүмүүсийн боломжид найддаг байв. Ж.Туяа “Яг үнэндээ нийтийн тээвэр хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай энгийн хүн зорчиход хэцүү байдаг” гээд “Ийм нөхцөл байдалд би өөрийнхөө ажлыг хийнгээ нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүрэх газар нь аюулгүй хүргэж байгаагаараа бахархдаг” хэмээв.

ЮуБиКаб нийт 21 аймагт такси үйлчилгээ нэвтрүүлсэн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Кейр” үйлчилгээ нь одоогоор нийслэл хотод хэрэгжиж байна. Зах зээлийн судалгаа хийж байхдаа энэ үйлчилгээний орон зай дутагдаж байгааг мэдсэн тухайгаа ЮуБиКаб компанийн захирал Намсрайдоржийн Отгонбаяр хэлсэн юм. Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар хүнд нөхцөлд байгааг бид судалгаа хийж байх явцдаа л мэдсэн” гэв. Тус компани энэхүү үйлчилгээг хөдөө орон нутагт нэвтрүүлж, төрийн болон хувийн хэвшлүүдэд нөлөөллийн ажил хийж, хамтран ажиллах шийдлийг санал болгож байна. “Компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахгүй байсан ч манай машинуудад төлөлт хийж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зорчих асуудлыг нь шийдэнгээ хуулиа хэрэгжүүлж болно” гэж тэрээр хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн тэргүүн Чулууны Ундрахбаяр энэхүү асуудлыг засгийн газрын түвшинд хэлэлцүүлэхээр олон жилийн туршид ажиллаж байна. Ч.Ундрахбаяр “Бид улсаас тусгай зам гуйгаагүй, ядаж автобус нь хүртээмжтэй байхыг хүсдэг” хэмээгээд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчин хамгийн их хамаарах асуудал байдаг” гэж хэлэв.

Ч.Ундрахбаяр засгийн газраас нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгох амлалтаа биелүүлэхийг шаардсан хэвээр байгаа боловч ЮуБиКабын үйлчилгээг тогтмол авдаг. Түгээмэл хөгжил төв 17 ажилтантайгаас Ч.Ундрахбаярыг өөрийг нь оролцуулаад хөгжлийн бэрхшээлтэй 12 хүн тэнд ажилладаг. Тэрээр “Энэ үйлчилгээ гарч ирснээр би хэдэн ажилчдаа шөнө явуулахдаа яаж харьсан бол гэж санаа зовохоо больсон” гэсэн юм.

Оюунчимэгийн Нансалмаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.