МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ — Өнгөрсөн жил амьдралд нь огцом өөрчлөлт гарсан тухай ярихдаа арван долоон настай Гэрэлээгийн ягаахан хацар улайж байлаа.
Хорвоод мэндлээд зургаахан хонож буй охин үрээ энхрийлэн харах тэрээр “Одоог хүртэл эх хүн болсондоо итгэж чадахгүй байгаа” хэмээн хэлэв.
Монгол Улс дахь өсвөр насны охидын жирэмслэлтийн түвшин дэлхийн дунджаас бага боловч Номхон далайн баруун бүс нутагт өндөр хэвээр байна. Үндсэн шалтгаан нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хомс, энэ талаар гэр бүлийн орчинд нээлттэй ярилцдаггүй, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж үйлчилгээ хүртээмжгүй байгаатай холбоотой. Жил бүр 4,000 орчим охид жирэмсэлж, 650 орчим нь үр хөндөлт хийлгэдэг байна. Монгол Улсад жирэмсний 22 долоо хоног хүртэлх тээлтэд үр хөндөлт хийлгэхийг хуулиар зөвшөөрдөг ба жирэмсний 13-аас 22 долоо хоног хүртэлх хожуу үеийн үр хөндөлтийн ажилбарыг эмч нарын дүгнэлт, эмнэлгийн зөвшөөрлөөр хийдэг. Насанд хүрээгүй охидын жирэмслэлтийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр тасалдаг.
Зарим гэр бүлийн хувьд охид жирэмсэн болсноо эцэг, эхдээ хэлэлгүй оройтдог. “Охин нь 8 сартай жирэмсэн байхад таргалаад байна гэж бодоод байсан гээд ээж нь дагуулаад орж ирсэн тохиолдол байгаа” гэж Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Алтангэрэлийн Номин-Эрдэнэ хэлээд “Нэгэнт ураг таваас дээш сартай болсон бол төрүүлэхээс өөр арга байхгүй гэв”. Зарим охид жирэмсэн болсноо мэдэхгүй байх нь бий. Судалгаагаар өсвөр насны жирэмслэлтийн 20 орчим хувь нь таван сарын дараа жирэмсэн болсон гэдгээ мэдсэн гэж хариулжээ. Уг судалгаанд оролцогчдын гуравны нэгээс илүү нь жирэмслэлтээс хамгаалах арга огт хэрэглэж байгаагүй гэсэн байв.
Нэр төрд нь сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэн нэрээ хэсэгчлэн нууцалсан Гэрэлээ жирэмсэн болсон тухайгаа эцэг, эхээсээ таван сарын турш нуусан гэв. Тэрээр “Эгчтэйгээ нөхөн үржихүйн талаар хааяа л ярьдаг байсан, харин аав ээжтэйгээ ярилцаж, асууж үзээгүй” гэсэн юм. “Эцэг эхчүүд өөрсдөө энэ талаар боловсрол эзэмшээгүй учраас хүүхэдтэйгээ ярилцаж, мэдээлэл өгч чаддаггүй” хэмээн Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Болдуухайн Оюун-Эрдэнэ хэлэв. Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэнд, биологийн хичээлийн агуулгын 7-11 хувийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл эзэлдэг. Энэ нь “Туйлын хангалттай бус” гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос дүгнэжээ.
“Эрүүл мэндийн хичээл ордог ч яг бэлгийн боловсролын талаар хичээл ордоггүй” хэмээн Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батбаатарын Энэрлэн хэлээд “Бидэнд энэ талаар ярилцах хүн олддоггүй учраас заримдаа интернетээс л мэдээлэл олж уншдаг” гэлээ.
Дөрвөн хүүхдийн ээж Дарамхүүгийн Одонтуяа “Хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй гэдгийг мэддэг” гэж хэлээд “Яаж ярилцах аргаа олдоггүй. Учир нь би өөрөө өсвөр насан дээрээ аав ээж, ах эгч нартайгаа энэ талаар ярилцаж байгаагүй учраас хүүхдүүд маань яаж хүлээж авах бол, энэ талаар буруу ойлголт өгчих вий, буруугаар ойлгоод дахиад ээжтэйгээ ярилцах дургүй болчих вий гэж бодоод санаа зовоод байдаг” гэсэн юм.
Харин бэлгийн боловсролыг сургууль дээрээ эзэмшиж байгаа гэж боддог эцэг, эхчүүд ч бас бий. Нийгмийн сөрөг хандлагаас сэргийлж овгоо нууцлахыг хүссэн гурван хүүхдийн ээж Мөнхгэрэл “Сургуульд эрүүл мэндийн хичээлээр энэ талаар хангалттай заадаг байх гэж бодоод ярилцдаггүй шдээ” гэв. Гэвч энэ нь бодит амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүйг сонсоод тэрээр гайхаж байлаа.
“Өсвөр нас бол хүүхэд наснаас насанд хүрэх өсөлт, хөгжлийн чухал үе шат бөгөөд эрүүл мэндийн боловсролын үндэс суурийг тавих чухал үе юм” хэмээн Эрүүл мэндийн яамны Нөхөн үржихүй, эрэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Баасанхүүгийн Оролзодмаа хэллээ. Одоогоор улсын хэмжээнд 34 кабинет өсвөр үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь эмч, сувилагч, зарим тохиолдолд эмч, нийгмийн ажилтан, бусад нь зөвхөн эмчтэйгээр ажиллаж байгаа тухай тэрээр хэлээд 2021 онд нийт төрөлтийн 3.6 хувийг өсвөр насны төрөлт эзэлж, өмнөх онтой харьцуулахад 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, эмэгтэйчүүдийн их эмч Бат-Эрдэнийн Хулан хэлэхдээ эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар нээлттэй ярилцахаас зайлсхийдэг мөртлөө эмнэлэгт дагуулж очоод үр хөндөлт хийлгэх тохиолдол элбэг байдаг гэв. (Б.Оролзодмаагийн өгсөн мэдээллээр 2021 оны байдлаар нийт үр хөндөлтийн 4.7%-ийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна). “Өсвөр насандаа үр хөндөлт хийлгэх нь эрүүл мэндээрээ хохирохоос гадна охидын сэтгэл зүйд асар том айдас бий болдог. Тэд насанд хүрээд гэр бүл зохиож, хүүхэд төрүүлэх итгэлгүй болно” хэмээн Б.Хулан хэлэв.
Сүүлийн жилүүдэд Монголд хүүхэд, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн асуудлуудыг эрчимтэй хөндөж эхэлжээ. 2021 онд эмэгтэй сурагчид сургууль дээр хийгддэг охидын үзлэгээр онгон эсэхийг шалгадаг явдлыг эсэргүүцэж эхэлсэн боловч энэхүү үзлэгийг өнгөрсөн онд албадан хийсээр байсныг Глобал Прессийн сурвалжилгаар олж мэдсэн юм.
Залуу үеийнхний бэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буй идэвхтнүүд бэлгийн боловсролыг зөвхөн охидод олгох шаардлагатай мэтээр ойлгодог нийгмийн хандлагыг шүүмжилж байна. Тухайлбал, өсвөр насны хөвгүүдэд аюулгүй бэлгийн харилцааны талаарх мэдлэг, боловсролыг олгосноор өсвөр насны хүсээгүй жирэмслэлтийг эрс бууруулах боломжтой гэж үзэж байна. “Тиймээс би сургуулиудад нөхөн үржихүйн сургалт орохдоо хөвгүүд болон охидыг хамт суулгаж байгаад ордог” хэмээн Б.Хулан хэлсэн.
“Анх ангийнхаа хөвгүүдтэй хамт сургалтад суухад ичиж байсан” гэж 9 дүгээр ангийн сурагч Ганхүүгийн Нарангоо хэлээд “Гэхдээ сургалтын дараа бэлгийн боловсрол гэдэг бид нарт маш чухал зүйл юм байна гэдгийг ойлгосон” гэлээ.
Цахим орчинд ч хүмүүс энэхүү асуудалд дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ. Герман улсад оршин суудаг, 30 орчим насны хоёр монгол эмэгтэй бүх насныханд бэлгийн боловсрол олгох зорилгоор Хүлээлгийн өрөө нэртэй подкастыг хийж байна. Тэд онгон хальснаас эхлээд цэвэршилт хүртэлх эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралд тохиолддог асуудлууд болон, бэлгийн чиг хандлагын төрлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлгийн амьдрал гэх мэт олон нийтийн төдийлөн ярьж зүрхэлдэггүй сэдвүүдээр зочидтой ярилцдаг. Одоогоор тэдний YouTube сувагт 125,000 гаруй хэрэглэгч бүртгүүлсэн ба нийт 17 сая гаруй үзэлттэй байна. “Би Хүлээлгийн өрөө подкастыг 2021 оноос сонсож эхэлсэн” гэж 15 настай Аюурзаны Маралмаа хэлээд анх сонсож эхлэхдээ жаахан ичиж, хүн мэдчих вий гэж айж байсан ч сонсоод байх тусам санаа зоволт арилж, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон сексийн талаар эргэлзээтэй байсан зүйлүүдээ мэдэж авсан тухай ярив. “Тухайлбал охидын дунд анх удаа хүнтэй унтахад жирэмсэн болдоггүй гэдэг ойлголт байдаг. Тэгтэл энэ буруу байсан” гэж тэрээр хэлээд “Ийм подкаст гарч ирсэнд маш их баяртай байгаа” гэлээ.
Бяцхан охины ээж болсон Гэрэлээ бэлгийн боловсролын талаарх ойлголт мэдлэг өсвөр үеийнхэнд хүртээмжтэй байгаасай гэж хүсч байна. Тэрээр өнгөрсөн жил сургуулиа төгсөж, үсчин мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Гэрэлээ мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан ч нялх хүүхдээ асрахаар хүүхдийн эцэг болон өөрийн аав, ээжийн хамт хөдөө амьдарч байна. Тэнд үсчнээр ажиллах боломж бараг үгүй.
Тэрээр “Сургуульд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл хангалттай ордог байгаасай, сурагчид жирэмснээс хамгаалах аргыг мэддэг болоосой гэж бодож байна” гээд “Миний хувьд одоо 2 сарын дараанаас хамгаалалт хэрэглэж эхэлнэ гэж бодож байгаа” гэсэн юм.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.