Mongolia

Гар угаах хэвшил нь Монголд коронавирусээс гадна бусад халдвараас сэргийлэхэд нөлөөлж байна

Монголд хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг гэдэсний халдварт өвчний тохиолдол 55.5% буурч, амьсгалын замын өвчний тархац мөн багасав. Энэ нь гараа тогтмол угаасны ач гэж эцэг эхчүүд, мэргэжилтнүүд үзэж байна. Цар тахлын үед дадсан энэхүү зуршлыг амьдралынхаа туршид хэвшүүлээсэй гэж тэд хүсэж байна.

Read this story in

Publication Date

Hand-Washing Staves Off More Than the Coronavirus

Хөхнохойн Хорлоо, GPJ Монгол

Пүрэвжавын Жавзандулам болон түүний хүүхдүүд өдөр бүр гараа тогтмол угаах хэвшилтэй болсон. Тэдний гэр бүл коронавирусээс сэргийлээд зогсохгүй, жилийн энэ үед түгээмэл тохиолдох энгийн ханиад, томуу болон гэдэсний халдвараас сэргийлж чаджээ.

Publication Date

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ, МОНГОЛ УЛС- Пүрэвжавын Жавзандуламын гэрт угаалгын өрөөнөөс хүүхдүүдийн шуугиантай зэрэгцэн ус гоожих чимээ сонстоно.

Дөрвөн хүүхдийн ээж Жавзандулам сүүлийн хэдэн сард хүүхдүүдийнхээ гарыг өдөрт илүү олон удаа угаалгадаг болсон тухайгаа хэлэв.

Тэрээр шинэ төрлийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын Эрүүл Мэндийн Яамнаас өгч буй зөвлөмжийг дагаж буй нь энэ аж.

“Өмнө нь өглөө, оройдоо л бид гараа угаадаг байсан бол одоо гэр бүлийн бүх гишүүд өдөрт таваас доошгүй удаа гараа угаадаг болсон” гэв.

Гар угаах зөвлөмжийг дагасан нь тэдний гэр бүлд үр дүнгээ өгчээ. Өвлийн улиралд хүүхдүүд нь ханиад, томуу тусах нь элбэг байдаг байсан бол одоогоор тэдний гэр бүл коронавирус (КОВИД-19), энгийн ханиад, томуу, гэдэсний халдварт өвчлөл алийг нь тусаагүй байна.

“Өмнө нь ээлж дараалан өвддөг байсан хүүхдүүд маань энэ өвөл огтхон ч өвдөөгүй” гэж тэрээр хэлэв.

Түүнтэй ижил бодолтой хүмүүс олон байна.

Монгол Улсын Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон Үндэсний Статистикийн Хорооны хийсэн судалгаанаас харахад хүүхдүүдийн дунд өргөн тархдаг гэдэсний халдварт өвчний тохиолдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол даяар 2020 оны эхний улиралд 55.5% буурсан үзүүлэлттэй байна. Халдвар дамжих гол суваг нь бохир гар байдаг аж.

“Эрүүл Мэндийн Яамны зөвлөмжийг иргэд дагаж, өдөр тутамдаа хэвшил болгож байна. Ингэснээр амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчлөл буурахад нөлөөлж байна” гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн их эмч, Эрт Сэрэмжлүүлэг Хариу Арга Хэмжээ авах нэгжийн дарга Нямын Сувдмаа хэлэв.

Монгол улсын хэрэгжүүлж буй арга хэмжээ коронавирусын халдварын тархалтаас сэргийлэхэд ч мөн үр дүнтэй байна.

Хөрш зэргэлдээ БНХАУ-д коронавирус хурдтай тархаж, цаашлаад дэлхий даяар түгэх үед Монгол улсын засгийн газар нэгдүгээр сард өргөн хүрээг хамарсан хөл хорио тогтоон эрт арга хэмжээ авсан анхны улсуудын нэг болсон.

Засгийн газрын зүгээс амны хаалт зүүж, гараа угаахыг сануулсан мессежийг иргэдийн гар утас руу өдөр бүр илгээж байв. Мөн телевизийн бүх сувгаар дээрх санамжийг тогтмол өргөн нэвтрүүлсэн. Тавдугаар сарын 9-ний байдлаар Монгол улсад коронавирусын 42 тохиолдол бүртгэгдээд байна. Коронавирусын улмаас нас барсан хүн одоогоор байхгүй.

Хүүхдүүд нь одоо гараа тогтмол угааж, гар ариутгагч ашиглаж хэвшсэн тухай гурван хүүхдийн ээж Лхагвадоржийн Хулан хэлэв.

“Гараа угаах хэвшил нь энгийн хэрнээ элдэв өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм байна” гэж тэрээр хэлсэн юм.

Эрүүл мэндийн ажилчид мөн энэ жил эерэг өөрчлөлт гарч буйг анзаарч, талархаж байна.

“Өнгөрсөн жилийн өдийд манай тасагт их олон өвчтөн байсан. Бид цайны завсарлага ч авах завгүй байдаг байсан” хэмээн Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн Халдвартын тасгийн сувилагч Лхагвасүрэнгийн Үл-Олдох хэлэв.

Цар тахлын үед ч эмнэлгүүд ачаалалгүй байна гэж тэрээр хэлэв.

“Энэ жил ачаалал багатай, тайван байна” гэв.

Коронавирусын аюул намжсаны дараа ч иргэд хэвшсэн дадлаа насан туршдаа дагана гэж найдаж буйгаа Орхон аймгийн Эрүүл Мэндийн газрын халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Баянаагийн Билгүүнээ илэрхийлсэн юм.

“Хэрэв иргэд цаашид эдгээр дадлаа өдөр тутмын амьдралдаа хэвшүүлбэл тэд амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж чадна” гэж тэрээр хэлэв.