Mongolia

Малчид болон үлийн цагаан оготно хоорондын бэлчээрийн төлөөх тэмцэл

Цаг агаарын хэм нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсний нөлөөгөөр Монголын бэлчээр нутагт үлийн цагаан оготно үржих таатай нөхцөл бүрдэж, тоо толгойг нь бууруулах гэсэн малчдын хүчин чармайлт оготнын хэт олшролыг зогсоож гүйцэхгүй байна.

Read this story in

Publication Date

Herders vs. Voles: The Battle for Mongolia’s Grasslands

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Архангай аймгийн малчин Баасанжавын Мөнх-Эрдэнэ үлийн цагаан оготнын хэт олшролтой тэмцэхийн тулд намрын сүүл үеэр үүр рүү нь ус цутгаж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ӨГИЙНУУР СУМ — Хязгааргүй уудам талд олон тооны нүх, довцог үүссэн нь шүүрэн шанага шиг харагдана. Хангай нутагт бий болсон эдгээр нүхнүүдээс саарал өнгийн жижиг амьтад огло харайн гарч ирээд, нүхээ сүлжин нааш цааш гүйлдэх нь нүд эрээлжлэм бөгөөд намрын сүүлийн наран ээх тусам тэд улам олон болж байлаа.

30 жил мал маллан амьдарч буй Баасанжавын Мөнх-Эрдэнэ өрөмдөгч багажаар овоолсон шороо бүхий газрыг нүхлээд, гараа оруулан шалгахад гарт нь хөеө баригдав. Тэрбээр өвсийг авч дууссаны дараа нүхэнд нь 60 литр ус цутгалаа. Ингэж нүхийг нь хөлдөөх нь эдгээр мэрэгч амьтантай тэмцэх байгальд халгүй аргад тооцогддог.

“Хүүхэд байхад хэсэгхэн газар оготно байдаг байсан, одоо бол хаа сайгүй, шороо шиг л бужигнаж байна” хэмээн тэрбээр хэлэв.

Үлийн цагаан оготно хэмээх энэхүү мэрэгч амьтад нь дэлхий дээрх хамгийн хурдан үрждэг хөхтөн амьтдын нэг юм. Эм оготно жилдээ гурав хүртэл удаа төллөх боломжтой ба нэг удаад хамгийн ихдээ 11 гөлчгий төрүүлдэг байна. Хүний гараас үл ялиг жижиг хэмжээтэй эдгээр мэрэгчид нь өдөрт 34 грамм өвс иддэг бөгөөд нөөцлөх үедээ есөн килограмм хүртэл хөеө ноохой цуглуулдаг аж.

Цаг агаарын хэм дулаарч, бэлчээрийн даац хэтэрсэн нь үлийн цагаан оготно үүрлэх хөрсний таатай нөхцөлийг бүрдүүлснээр тэдний тоо толгой огцом нэмэгджээ

Үлийн цагаан оготнын тархалт Монгол орны бэлчээрийн (38.6 сая га) гуравны нэг хэсэгт хэвийн хэмжээнээс хэтэрч, малын идэш тэжээл хомсдоход хүргээд буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлжээ. Мөн үлийн цагаан оготнын нүхэнд ард иргэд, адуу морь бүдэрч шагайгаа булгалах, мултлах тэр ч бүү хэл хөлөө хугалах аюултай байдаг.

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Үлийн цагаан оготно нь жилд 33 хүртэл гөлчгий гаргадаг бөгөөд дэлхийн хамгийн хурдан үрждэг хөхтөн амьтны нэгд тооцогддог байна. Монголын зөөлөн, элсэрхэг хөрс, өвс ургамал нь тэднийг үүр засаж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Иймээс малчид болон байгаль хамгаалагчид хамтран бусад ан амьтдыг хохироохгүйгээр үлийн цагаан оготнын тоо толгойг бууруулахаар ажиллаж байна.

Нэг га талбайд 100 оготно байхыг хэвийн хэмжээнд байна гэж үздэг, гэвч одоо зарим газраа 2,000 тоологдож байна хэмээн Монголын бэлчээр нутаг болон мэрэгч амьтдыг судалдаг үндэсний байгууллага болох Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Биологийн шинжлэх ухааны доктор Нанжийн Энхболд хэлсэн. Нийтдээ тоо толгой нь нэг тэрбум гаруй гэсэн тооцоо буй.

“Энэ бол маш их гэсэн үг” гэж тэрбээр хэлээд “Хөрсийг эргүүлж байна” гэв.

Монгол Улсад бэлчээр төрийн өмчид хамаардаг бол мал хувийн өмчид тооцогддог. Эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувь, нийт ажиллах хүчний 23 хувийг бүрдүүлдэг. Малчид адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ үржүүлэн, сүүн бүтээгдэхүүн, мах, арьс ширээ борлуулж орлого олдог.

Нийт малын тоо 1990 онд 25 сая байсан бол 2020 он гэхэд 70 сая болж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш бараг гурав дахин өсжээ. Улмаар бэлчээрийн даац хэтэрч, нийт бэлчээрийн 78 хувь нь доройтсон тухай Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос мэдээлжээ. 80 мянга гаруй гишүүнтэй энэхүү өөрөө удирдах холбоо нь бэлчээрийн менежментийн бодлогыг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мэрэгч судлалын лабораторийн эрхлэгч, доктор Далхаагийн Цэвээндорж хэлэхдээ үлийн цагаан оготныг гол идэш тэжээлээ болгодог үнэг зэрэг амьтдыг агнаж, экосистемийг сүйтгэснийхээ хариуцлагыг хүмүүс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн юм.

“Аливаа амьтад байгаль дээр зохистой харьцаагаар оршин тогтнож байвал ямар нэгэн хор нөлөө учруулдаггүй” гэж тэрбээр хэлээд “Зохистой харьцаа алдагдсан үед үлийн цагаан оготно хор хөнөөлтэй болдог” гэв.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Архангай аймгийн хоёр малчин Чимэдбумуугийн Нацагдорж (зүүн талын), Цэрэнбатын Шагдарсүрэн нар үлийн цагаан оготнын нүхийг усаар дүүргэж устгахын өмнө шалгаж байна.

1939 оноос хойш Монгол орны агаарын дундаж хэм Цельсийн 2-оос дээш хэмээр дулаарчээ.

Цаг уурын дулаарлын нөлөөгөөр хөрсөн дээр Цельсийн 10 хэмээс дээш температуртай байх хоногийн тоо нэмэгдсэн, мөн бэлчээрийн ургамлыг хэт ачаалалтай ашиглаж, даацыг хэтрүүлснээс шалтгаалан хуурай, дулаан хөрс бий болж үлийн цагаан оготно үржих тохиромжтой орчныг бүрдүүлсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Цэвэгмэдийн Мөнхнасан хэлэв.

2003 оноос өмнө Монголчууд бэлчээрээ хамгаалахын тулд үлийн цагаан оготнын устгалд химийн хор ашигладаг байсан. Гэхдээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний улмаас хор ашиглахаа зогсоожээ.

Уламжлалт устгалын арга нь гэвч хүний хүч хөдөлмөр илүү шаарддаг. Засгийн газраас малчдын оролцоог нэмэгдүүлэхээр 2019 оноос эхлэн өдрийн 2,000 төгрөгийн урамшуулал олгож, ажилгүй иргэдийг 20,000 төгрөгөөр оготнын үлий рүү ус цутгах, бактержуулсан будаа цацах, махчин шувуудад суудал хийх ажилд дайчилж эхэлжээ.

Мөнхнасангийн хэлснээр тэмцэх шаардлагатай талбайн 15 хувьд устгал хийж байгаа нь үлийн цагаан оготно үржих хурдыг гүйцэхгүйн дээр хэт олшролын асуудлыг үндсээр нь шийдэхэд хангалтгүй аж.

Өгийнуур сумын малчин 41 настай Бадам-Очирын Энхтөр таван жилийн өмнө төлгөн хонио зарахаар жинлэхэд 21 килограмм байдаг байсан бол одоо 18 килограмм хэтрэхгүй байгаа тухай яриад “Хамаг амттай шимтэй өвсийг үлийн цагаан оготно идэж байгаагаас мал тарга хүч авахгүй байна” гэлээ.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Малчин Цэрэнбатын Шагдарсүрэн (зүүн талын), Сундуйсүрэнгийн Батсайхан нар үлийн цагаан оготнын үүрийг өрөмдөн нүх гаргаад усаар дүүргэх гэж байна. Энэхүү арга нь мэрэгч амьтдыг хөөн зайлуулж, буцаж ирэхээс сэргийлэх байгальд халгүй арга юм.

Үлийн цагаан оготнын асуудалд засгийн газрын зүгээс орон нутгийн болон улсын түвшинд анхаарч ажиллаж байна. Бэлчээрээ хэрхэн ашиглах төлөвлөгөөг тухайн жилийн бэлчээрийн ургамлын гарц болон малчдын саналыг үндэслэн орон нутагт Засаг дарга тогтоож өгдөг бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын асуудлыг улсын түвшинд зохицуулдаг. Үүнд 2021 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн Малын тоо толгойн албан татвар багтах ба уг татвараас олсон орлогыг мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийг нөхөн сэргээх зардалд зориулахаар тусгажээ.

“Оготнын хэт олшролыг зохицуулах хамгийн хямд, үр дүнтэй, удаан хугацааны арга нь бэлчээрийн талхлагдалыг багасгах, ургамлын нөхөн ургах боломжийг хангах юм” хэмээн Мөнхнасан хэлсэн.

Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах шаардлагатай бөгөөд үүний тулд мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, чанар муутай олон малаас илүү, чанартай цөөн малтай байх хэрэгтэй гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

Бэлчээрийн даац хэтрүүлэлтийн асуудлыг монголчууд ойлгож байгаа ч малын тоогоо цөөлөх боломжгүй байна.

“Бүх хэрэглээгээ малаараа л хангаж байгаа. Дээр нь малын түүхий эд үнэ хүрэхгүй байна. Тиймээс малаа цөөлөх дургүй” хэмээн Өгийнуур сумын иргэн Түдэвийн Мөнхцэцэг хэлээд “Цөөн мал амьжиргаанд хүрэлцэхгүй” гэв.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.