Mongolia

Цар тахлын нөлөөгөөр эмийн ургамлын хэрэглээ дэлгэрч байна

Монгол Улсад уламжлалт эмийн хэрэглээг хориглож явсан цаг үе ард хоцорч, эрүүл мэндийн салбар болон төрөөс тухайн төрлийн бүтээгдэхүүнүүдийг КОВИД-19-ийн вакцины хажуугаар дэмжиж байна.

Read this story in

Publication Date

Herbal Remedies Grow Popular Again, Thanks to Pandemic

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Тогмидын Баяржаргал, 9 настай охин Цэндээгийн Биндэръяагийн хамт гэртээ халуун усанд манжингарав ургамал найруулж байна. Монгол Улс, Орхон аймаг

Publication Date

Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт хот – Уснаас уур савсаж, хөөсрөн буцлана. Тогмидын Баяржаргал устай тогоог цахилгаан зуухан дээрээс авч, тод шар өнгийн өвс шиг ургамал болох манжингаравыг найрууллаа.

“Гоё үнэртэй ч маш гашуун амттай. Гэхдээ ханиаданд маш сайн ургамал байгаа юм” гэлээ. “Би өөрөө уухаасаа гадна усанд найруулж тавьчихаад хүүхдүүдийнхээ хоолой, амыг байнга зайлуулдаг. Эмнээс илүү хэд дахин сайн үр дүнтэй байдаг” гэж тэрээр хэлэв.

Т.Баяржаргал хүүхэд байхаасаа л ургамал судлаач мэргэжилтэй ээжийгээ эмийн ургамал түүж, ажилдаа хэрэглэж байхыг харж өсчээ. Гэвч цар тахал тархаж эхэлснээс хойш анх удаа гэр бүлээрээ ханиалга дарах ханд ууж эхэлсэн гэж байв. Тэрээр өнгөрсөн жил нөхрийн хамт вакцинжуулалтад хамрагдсан хэдий ч гэртээ бэлдсэн болон эмнэлгээс өгсөн уламжлалт эм, тан тогтмол хэрэглэж дархлаагаа дэмжиж байсандаа олзуурхаж байсан юм.

Түүний хэлснээр нөхөр нь хоёрдугаар сард КОВИД-19-ийн халдвар аваад таван өдрийн дотор эдгэжээ. Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. Гэвч 1922-1990 онуудад уламжлалт эм, эмчилгээг албан ёсоор хориглосон байсан тул мартагдах дөхсөн байв. Өдгөө цар тахлын нөлөөгөөр хүмүүс вирусээс хамгаалах, халдварын шинж тэмдгийг эмчлэх зорилгоор эмийн ургамал хэрэглэх хандлага дэлгэрч, уламжлалт анагаах ухаанаар бахархах, түүнийг орлогын эх үүсвэр болгох боломж бий болжээ.

“Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөгийг үлдээсэн. Үүнийг бид зөв арга зүйгээр зохистой ашиглах нь чухал байна” гэж Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургуулийн уламжлалт анагаах ухааны профессор, доктор Шаравын Болд хэлсэн.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Монгол Улс, Орхон аймаг дахь Сөд-Фарм эмийн сангийн тэргүүн Мөнхсайханы Тэргэл, баруун гар талд, Баттөмөрийн Оюу-Эрдэнэд уламжлалт эм танг хэрэглэх заавар, үр дүнг тайлбарлаж байна.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн өвчлөлийг гэрээр эмчлэх эмчилгээний багцад эмийн ургамлын цай, танг оруулж, улс даяар өрхийн эмнэлгүүдээр дамжуулж, тус халдвараар оношлогдсон иргэдэд үнэгүй олгож байв. Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч Мөрдоржийн Оюунчимэгийн хэлснээр эмч нар болон эрдэмтдийн зөвлөмжийн дагуу эмчилгээний багцад дээрх эм, танг оруулсан аж.

“Сүүлийн хоёр жилийн хугацаанд монгол эрдэмтэд 50 гаруй нэр төрлийн танг туршилтаар баталгаажуулан, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж эхэлсэн” хэмээн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн гадаад хамтарсан төслийн зохицуулагч Л.Батхүү хэлсэн. Тус байгууллага нь мөн эмнэлэг, эмийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжүүдтэй аж. Уламжлалт эм, тангийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг төрөөс онцгойлон дэмжих хэрэгтэй байгааг тэрээр ярьсан юм.

Эрүүл мэндийн яамнаас уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг сургах, түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны төв байгуулах замаар тэдэнд дэмжлэг үзүүлж ирсэн тухай М.Оюунчимэг хэлсэн.

“Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны судалгаа шинжилгээ сайжирч байгаа. Судалгаа, шинжилгээг сайн хөгжүүлж, олон улсын стандартад нийцүүлсний дараа төрөөс экспортод гаргах тал дээр бодлого барин ажиллана” гэв.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Эрүүл мэндийн яамнаас олгож буй КОВИД-19-ийн халдварыг гэрээр эмчлэх багц Орхон аймгийн Эрдэнэт хотын өрхийн эрүүл мэндийн төвд тараагдахад бэлэн болсон нь. Энэхүү багцад уламжлалт эмийн ургамлын ханд болох Норов-7, Мана-4 зэрэг оржээ. КОВИД-19-ийн халдварын шинж тэмдгийг эмчлэх болон томуу туссан үед эдгээрийг хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Эрдэнэт хотын өрхийн эрүүл мэндийн төвд тараагдахад бэлэн болсон нь. Энэхүү багцад уламжлалт эмийн ургамлын ханд болох Норов-7, Мана-4 зэрэг оржээ. КОВИД-19-ийн халдварын шинж тэмдгийг эмчлэх болон томуу туссан үед эдгээрийг хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Монгол эмч нар уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлүүдийг дангаар нь гэхээс илүүтэйгээр орчин үеийн эмтэй хавсарч хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

КОВИД-19-ийн халдварыг эмчлэх эмийн жагсаалтад орсон Мана-4, Норов-7 хоёр бол вирусыг бүрэн эмчлэхгүй, харин хүний дархлааг дэмжиж, хурдан эдгэх боломжийг нэмэгдүүлж байгаа тухай Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Сүрэнхоролын Гэрэлтуяа хэлээд зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой гэв.

“Эмийн ургамлыг тун хэмжээг нь тааруулж хэрэглэхгүй бол хор болох ч магадлалтай” хэмээгээд зарим ургамлууд хортой байж болзошгүйг анхааруулсан юм.

Уламжлал эмийн цар тахлаас үүдсэн огцом эрэлтийг нийлүүлэх бэлтгэлгүй байсан талаар тус улсын эмийн санч нар хэлж байв. Мөн тэд вирусын тархалт буурсан ч уламлалт эм, тангийн эрэлт хэрэгцээ тасрахгүй хэмээн үзэж байгаа аж.

“Монгол уламжлалт эм тан, бэлдмэлүүд хамгийн их борлуулагддаг болсон” хэмээн Орхон аймгийн эм зүйч, эмийн санч Сандуйдоржийн Алтантуяа хэлсэн.

Орхон аймгийн иргэн, эдийн засагч Сүхбатын Отгонгэрэл КОВИД-19-өөс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан байсан боловч 2021 оны дөрөвдүгээр сард халдвар авч, Мана-4, Норов-7 зэрэг цай ууж эхэлжээ. Тэрээр долоо хоногийн дотор эдгэсэн ба энэхүү эмчилгээг орчин үеийн анагаах ухааны эмтэй хавсран хэрэглэж байхаар төлөвлөж байна.

“Эхэндээ уухад маш гашуун учраас ууж чадахгүй хэцүү байсан. Одоо бол уугаад бараг сурчихсан” гэв.

expand image
expand slideshow

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Монгол Улс, Улаанбаатар хот дахь Одь Тан компанийн эмийн үйлдвэрт Баяртогтохын Даваажаргал савласан хар манжингийн цайны жинг үзэж байна.

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн өгсөн мэдээллээс үзэхэд Япон, Өмнөд Солонгос, Нидерланд зэрэг олон улсын зах зээлд уламжлалт эмийн эрэлт нэмэгджээ. Олон улсад хийсэн судалгаа хомс хэдий ч монгол судлаачдын 2021 онд хийж, Ази тивийн анагаах ухааны оюутнуудын холбооны сэтгүүлд нийтлүүлсэн судалгаанд дурдсанаар КОВИД-19 халдварын үеэр монгол уламжлалт эмийн ургамлаар хийсэн эм тан болон барууны эмчилгээг хавсран хэрэглэсэн өвчтөнүүд зөвхөн нэг төрлийн эмчилгээ хийсэн өвчтөнүүдээс 1.7 дахин хурдан эмчлэгдэж байсан байна. Хавсарсан төрлийн эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 42 хувь нь нэг долоо хоногийн дотор эдгэжээ.

Монголд уламжлалт эмийн найман үйлдвэр 400 орчим төрлийн эм, тан үйлдвэрлэж байгаагаас одоогоор ердөө дөрөв нь гадаад руу экспортлох тусгай зөвшөөрөл аваад байна. 2017 онд Одь Тан компани анх удаа энэ төрлийн зөвшөөрлийг авсан ба олон сарын хугацаанд Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай харилцан ажиллажээ.

“Коронавирус гарснаас хойш эмийн сангууд өөрсдөө ханиад томууны үед иргэдэд ямар эм бэлдмэл зөвлөх вэ, ямар ямар бүтээгдэхүүн байгаа вэ гэж байнга асууж хамтарч ажиллах санал тавих болсон” гэж Одь Тан уламжлалт эмийн компанийн гүйцэтгэх захирал Баатарын Чанцалдулам хэлэв.

Тус компани Азийн бусад орнуудад хэрэглэгчидтэй боловч Европ, Хойд Америкийн зах зээлтэй холбоо тогтооход хүчин чадал хангалтгүй байгааг Б.Чанцалдулам ярьсан. Одоогоор тус компани айл өрхүүдтэй хамтарч, тэдний тариалсан халгай, ганга, чихэр өвсийг худалдан авах замаар нийлүүлэлтийн сүлжээгээ өргөсгөж байгаа аж.

“Хэрвээ төрөөс биднийг сайн дэмжээд, экспортод гаргах боломжоор хангаад өгвөл эмийн ургамал, нүүрсний экспортоос дутахааргүйгээр эдийн засагт сайнаар нөлөөлнө” гэж Чанцалдулам хэлэв.

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

онгол Улс, Улаанбаатар хот дахь Одь Тан эмийн үйлдвэрт чихэр өвс зэрэг эмийн ургамлуудыг савласан байгаа нь.

Эмийн бүтээгдэхүүнүүдийг дотоодын болон олон улсын чанар, аюулгүй байдлын стандартад нийцүүлэхийн тулд засгийн газраас эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа тухай Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн гадаад хамтарсан төслийн зохицуулагч Л.Батхүү хэлсэн. Түүхий эдээ өөрсдөө боловсруулж, үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэрийн барилгын санхүүжилтийн төсөл дээр түүний баг ажиллаж байгаа тухай мөн ярив.

“Цаашдаа бид дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаас гадна гадаад экспортод гаргах бүрэн боломжтой” гэж Уламжлалт анагаах ухаан судлалын профессор Ш.Болд хэлсэн.

Монголчуудын дунд уламжлалт эмийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ард иргэд болон байгаль орчинд сөрөг нөлөө учирч болзошгүй тул сургалт, сурталчилгаа хийх шаардлага байгаа тухай Эрдэнэт хотод оршин суудаг ээж Т.Баяржаргал хэлсэн юм.

“Байгальд ургадаг эмийн ургамалыг түүхдээ зөв түүхгүй бол ургамал дахиж ургахгүй устах аюултай байдаг. Мөн хоргүй зөв ургамалыг таниж түүх нь чухал” гэж хэлэв.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories