МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ — Нэгэн залуухан эмэгтэй байн байн хойш эргэж харсаар гудамжаар уруудан гүйж явна. Түүний царай айж цочирдсон, хүзүү, гар нь хөхөрсөн байлаа.
Яг тэр мөчид Ойдовын Саранчимэг нийслэл хотын Сүхбаатар дүүргийн гэр хороололд орших ажлын байран дээрээ ирж таарав. О.Саранчимэг гүйж яваа эмэгтэйг цонхоор хараад “Энэ охин хэн нэгнээс зугтаж яваа юм биш биз?” хэмээн бодов.
50 настай О.Саранчимэг нь олон монголчуудын өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон худаг дээр ажилладаг ус түгээгч юм.
Автобусны буудал, ерөнхий боловсролын сургуулийн хажууд байрлах 69 дүгээр ус түгээх байранд ажилладаг О.Саранчимэг долоо хоногийн таван өдөр, өглөөний 10 цагаас орой 19 цаг хүртэл тэндхийн оршин суугчидтай мэнд усаа мэдэлцэж суудаг. Тиймээс ойр хавьд ямар нэгэн зүйл болбол тэрээр хамгийн түрүүнд олж анзаарна гэсэн үг.
Сүүлд 600 гаруй худгийн ус түгээгч нарт хүчирхийлэлд өртсөн байж болох хүнийг таньж, дуудлага мэдээлэл өгөх талаар сургалт ороход О.Саранчимэг мөн хамрагджээ. Хэрсүү гурвалжин нэртэй энэхүү шинэ санаачилгын хүрээнд ус түгээгч нар, цаашлаад дэлгүүрийн худалдагч, хөрш гэсэн гурван талт хүний эрхийн хамгаалагчдын бүлгийг үүсгэн байгуулж байна.
Албаныхан энэхүү төслийн тусламжтайгаар коронавирусын цар тахлын үед илт нэмэгдсэн гэр бүлийн хүчирхийллийг бууруулна хэмээн найдаж байна. Гэвч хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах дэд бүтэц хангалттай хөгжөөгүй газар энэ төсөл хэр их өөрчлөлт авчрахыг таамаглах боломжгүй юм.
Боловсрол, улс төрийн оролцооны хувьд эмэгтэйчүүд ололттой түвшинд хүрсэн хэдий ч Монголын нийгэмд эцгийн эрхт ёс амь бөхтэй оршсоор байна. Гэр бүлийн хүчирхийллийг 2016 оноос хойш л албан ёсоор гэмт хэрэгт тооцдог болсон.
2018 онд нийтлэгдсэн, үндэсний хэмжээнд 7,000 эмэгтэйг хамруулсан судалгааны тайлангаас үзэхэд оролцогчдын 58 хувь нь хамтрагчаасаа бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийг амсаж байсан гэсэн байна. Бие махбодын, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн ердөө 8 хувь нь л цагдаад хандаж байжээ. Олонх нь өөрийн эсвэл нөхрийн нэр төрийг сэвтээхээс эмээдэг тухайгаа хэлжээ.
Цар тахал тэдгээр эмэгтэйчүүдийн амьдралд илүү хүнд ачаа үүрүүлжээ. Учир нь тэд хүчирхийлэл үйлдэгчтэй нэг гэрт хоригдсоноор найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа холбогдон тусламж авч, зугтах боломжгүй болов. Хүчирхийлэлд өртсөн хүмүүст зөвлөгөө өгдөг мэдээллийн лавлах утсанд хандагсдын тоо эрс нэмэгдсэн тухай Азийн Хөгжлийн Банк мэдээлсэн байна. Түр хамгаалах байрны үйлчилгээнд өмнөх жилтэй нь харьцуулахад олон зуун эмэгтэй илүү ханджээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил өдөрт дунджаар 21 бүртгэгддэг байсан бол энэ тоо өдөрт дунджаар 34 болж өссөн байна.
Уранчимэгийн Ганбаяр хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд Хэрсүү гурвалжин төслийг санаачилжээ. У.Ганбаяр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Тэрээр хүчирхийллийн эсрэг кампанит ажлуудыг зохион байгуулж байсны нэг нь иргэдэд хүүхдийн хүчирхийллийг танихад сургасан Хүн Бай аян юм. Худгийн ус түгээгчид болон хүнсний худалдаачид бүх насны, нийгэм эдийн засгийн бүх түвшний хүмүүст үйлчилдэг учраас тэднийг Хэрсүү гурвалжинд нэгтгэхийг тэрээр хүссэн байна.
“Хүчирхийлэл бол хүн бүрийн тэмцэх ёстой нийгмийн асуудал” хэмээн У.Ганбаяр хэлэв.
Цахим сургалтаар гурваас дөрвөн цагийн хугацаатай зааварчилгаа дүрс бичлэгүүдийг үзүүлдэг.
Сургалтад оролцогчид хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хөхөрч, хавдсан шинж тэмдгүүдийг танихаас гадна цагдаад дуудлага өгөхдөө өөрийгөө хэрхэн нууцлах, хорооны нийгмийн ажилтанд хэрхэн мэдээлэл өгөх тухай мэдэж авдаг.
Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдэд дуудлага өгөхөд тулгамддаг асуудлыг хөндлөнгийн ажиглагчийн тусламжтайгаар шийдэх зорилготой. Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангийн 2018 онд нийтлүүлсэн, үндэсний хэмжээнд явуулсан, гэр бүлийн хүчирхийллийн судалгаанаас үзэхэд дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хамтрагчийн зүгээс бие махбодын, бэлгийн хүчирхийлэлд өртөж, түүнийгээ хэнд ч хэлээгүй гэсэн байна.
Монголд энэ асуудлыг дэлгэж ярих амаргүй. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь гэр бүлд нөхөр нь илүү шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх буюу “сайн эхнэр нөхөртэйгөө санал нийлэхгүй байсан ч үгийг нь дагадаг” байх гэсэн үзэлтэй байна. Дөрөвний нэг нь хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь зодож, цохиж болно гэдэгтэй санал нийлсэн байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс өөрсдөө энэ талаараа мэдээлэх нь бага байдаг.
Хүчирхийлүүлсэн хүн нь ямар нэг байдлаар хүчирхийлсэн хүнийхээ эрхшээлд байдаг учраас мэдээлэх боломж хомс байдаг” хэмээн нийслэл хотын засаг захиргааны дэд нэгж болох хорооны ахлагч Цэрэндэвийн Цэрэндолгор хэлсэн юм.
Хөндлөнгийн хүмүүсийн оролцоот хөтөлбөрүүд хамгийн үр дүнтэй шийдэл мөн болохыг харуулсан нотолгоо хангалттай бус байдаг. ИБУИНВУ-ын санхүүжилттэй, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг багасгах зорилготой What Works хөтөлбөр 100 гаруй судалгаанд шинжилгээ хийхэд тэдгээр хөтөлбөрүүд бие махбодын, бэлгийн хүчирхийллийг мэдэгдэхүйц бууруулаагүйг тогтоосон байна. Жендэрийн тэгш бус байдал, ядуурал, гэр бүлийн зөрчил зэрэг эмэгтэйчүүдийн халдлагад өртөж буй суурь шалтгаануудад чиглэсэн хөтөлбөрүүд илүү үр дүнтэй байжээ.
Шинжилгээнд дурдсанаар хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах нь нэмэр болдог боловч Монголын нөхцөлд бэрхшээлтэй юм. 1.56 сая хавтгай дөрвөлжин км (604,000 хавтгай дөрвөлжин миль) газар нутагт 3 сая хүн тархан суурьшсан улсад ердөө 32 түр хамгаалах байр байх ба нэг нь ч байнгын орон байраар хангадаггүй.
Хэрсүү гурвалжин өөр бусад асуудал гарах эрсдэлтэйг харуулсан. Сайн дурынхан хуурамч дуудлага ирүүлж, цагдаагийн алба хаагчдын цаг зав, хүч нөөцийг үргүй зарцуулж болзошгүй байдлаас цагдаагийнхан сэрэмжилж буй талаар Улаанбаатар хотод ажилладаг ахмад Нэмэхбаярын Алтантэвш хэлсэн юм.
Түүнчлэн сайн дурын хүний эрхийн хамгаалагч болохыг хүсч буй хүмүүс өөрсдийн аюулгүй байдалд санаа зовж байна. Хотын төвд эмийн санчаар ажилладаг Тогоогийн Алтай гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэгтэй, нүүр, гар нь хөхөрсөн хүмүүст үйлчилдэг. Тэрээр Хэрсүү гурвалжин төсөлд нэгдэхийг хүссэн боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд түүнийг цагдаад мэдээлэл өгснийг мэдээд өөрийг нь заналхийлэх вий гэдгээс эмээсэн гэв.
“Мэдээж энэ төсөлд дутагдалтай тал байгаа” хэмээн тус аяныг зохион байгуулагч У.Ганбаяр хэлэв. “Гэхдээ сул талтай байлаа гээд юу ч хийлгүй хойшоо сууж болохгүй. Хэн нэгэн хүн хүчирхийллийн эсрэг ямар нэгэн зүйл хийх л ёстой” гэсэн юм.
У.Ганбаяр төрийн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллаж байна. Тэдний нэг нь 625 ус түгээх худгаар дамжуулан гэр хорооллын айлуудыг усаар хангадаг Ус сувгийн удирдах газар аж.
Ус түгээгч нар хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүмүүс юм. О.Саранчимэг ус түгээх цэнхэр хүрээтэй, жижигхэн тоосгон байран дээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хүүхдүүд долоо хоногтоо дээд тал нь дөрвөн удаа усанд явдаг ба “Сайн байна уу, худгийн эгч ээ” гэж дуудсаар ирдэг байна.
Хоёр хүүхдийн ээж О.Саранчимэг Хэрсүү гурвалжинд нэгдсэндээ баяртай байна. Хэрэв хүүхэд нь аюулд өртвөл түүнд хэн нэгэн туслаасай гэж тэрээр боддог. “Хэрвээ хүчирхийлэлд өртсөн хүнд тусламж хэрэгтэй бол би хэзээ ч хажуугаар нь чимээгүй өнгөрөхгүй” гэж хэлэв.
Тэр нэг өдрийн өглөө айж зугтаж явсан эмэгтэйг олж харсан О.Саранчимэг худгийнхаа байрнаас яаравчлан гарч амны хаалт зүүсэн түүнээс “Юу болсон бэ?” хэмээн асуув. Эмэгтэйн нулимс хацар даган урсах ба найз залуу нь түүнийг зодсон гэдгийг хэллээ. О.Саранчимэг “Цагдаа дуудах уу?” гэж асуухад эмэгтэй толгой дохив. Тэд цагдаа ирэхийг хүлээн худгийн гадаа зогсоно.
Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.