МОНГОЛ УЛС, БАЯНХОНГОР АЙМАГ, БАЯНЛИГ —Монголын цэлмэг хөх тэнгэр, онгон зэлүүд говь нутаг, туналзан мяралзах зэрэглээн дунд тэмээн сүргийнхээ дэргэд малчин Лувсанданзангийн Хандмаа зогсоно.
Л.Хандмаа тэмээгээ “Номхон хүрэн!” хэмээн өхөөрдөн дуудах нь эгээ л анд нөхрөө дуудаж буй мэт сонстох бөгөөд тэрээр ингээ саахаар ботгоны зэл рүү дөхөж очлоо.
Сүүлийн үед Номхон хүрэнг цахилгаан саалтуурт дасгахаар хичээж буйгаа Л.Хандмаа хэлээд “Бид жилийн дөрвөн улиралд ингэнийхээ сүүгээр амь зуудаг хүмүүс шүү дээ. Тэмээ бусад малыг бодвол ашиг шим нь өндөр” хэмээв.
Хоёр бөхт тэмээ нь Төв Азийн тал нутгийн уугуул амьтан бөгөөд 300 гаруй жил Орос, Хятадыг холбосон Цайны замаар цай, торго, ваар, арьс шир зөөхөд тэднийг ашигладаг байжээ. 1956 онд Улаанбаатар төмөр зам тавигдан Орос, Хятад төдийгүй Ази, Европыг холбосноор тэмээний ач холбогдол, тоо толгой эрс багассан. 1954 онд Монгол Улс түүхэндээ хамгийн олон (895,300) тэмээтэй байв. Харин 2002 онд тоо толгой нь хамгийн доод түвшинд (253,000) хүрэв.
1990-ээд онд Монголд мал хувьчлах үед тэмээг хүнсний зорилгоор үй олноор нь махалж эхэлсэн. Үүнээс гадна Хятадад тэмээн тавхайн улны өөхийг эмчилгээ болон хүнсэнд хэрэглэх эрэлт нэмэгдсэн тул тэмээг үй олноор нь нядалжээ. Тухайн үед тэмээний үндсэн нутаг гэгдэх говийн бүсэд цөлжилт эрчимтэй явагдсан юм.
Олон арван жилийн турш тоо толгой нь цөөрсөн ч Монгол Улс хоёр бөхт тэмээний удмын санг хадгалж үлдсэн цөөн орны нэг байсаар байна. Засгийн газраас тэмээг өсгөн, үржүүлэхэд анхаарч, малчдад урамшуулал олгох хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд тэмээн тоо толгой 470,500 болж өсжээ.
Сүүлийн үед Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх шинэ боломжийг эрэлхийлж байна. Ингэний сүүг арилжааны зорилгоор боловсруулдаггүй байсан уламжлалт нөхцөл байдал өөрчлөгдөж, дэлхийн ингэний сүүний эрэлтийг хангахаар ажиллаж байна.
“Ингэний цагаан идээг зөвхөн өрхийн хэрэглээнд ашигладаг байсан цаг ард хоцорсон. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэхийг зорьж байна” хэмээн “Ингэн тагш” компанийн гүйцэтгэх захирал Хүрэлбаатарын Бат-Ирээдүй хэлсэн юм. Тус компани нь ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг.
“Амьтдын Манаачид” сэтгүүлд нийтлэгдсэн 2022 оны судалгаагаар дэлхий дахинд ингэний сүүний үйлдвэрлэл 1961 онд 0.63 сая тонн байсан бол 2020 онд 3.15 тонн болж өссөн талаар дурджээ. Ингэний сүү нь жаран жилийн хугацаанд ийнхүү тав дахин өссөнөөр зах зээлд үнээ, бизон сарлаг, ямаа, хонины дараа тавдугаарт орох сүүний эх үүсвэр болж буйг тодорхойлсон байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022 онд эхлүүлсэн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, хүнс экспортлогч орон болох зорилт тавьсан. Ингэний сүү нь энэхүү санаачилгад багтаж буй гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нэг юм.
2022 онд Баянхонгор аймагт баригдсан “Ингэн эрдэнэ” сүү боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Тус үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь ингэний хуурай сүү бөгөөд энэ оны сүүлээр туршилтын эхний бүтээгдэхүүнээ гаргахаар зэхэж байна. “Монголын бүх тэмээг саагаад сүүг нь хуурайшуулаад гаргахад Хятадын нэг өдрийн сүүний хэрэгцээг хангаж чадахгүй. Тиймээс экспортын зах зээлийн эрэлт хангалттай байгаа гэсэн үг” хэмээн уг үйлдвэрийн захирал Доржийн Хишигбаяр хэлсэн юм. Тус үйлдвэр нь одоогоор Хятад, Өвөр Монголын өөртөө засах оронд бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа аж.
Ойрх Дорнодын орнуудад нэг литр ингэний сүүг 30 ам.доллароор худалдаалдаг. Харин Монголд ердөө 3 ам.доллар байна.
“Ан амьтны нөөц дэх хүнсний шинжлэх ухаан” сэтгүүлийн 2023 оны судалгаанд “Ойрын арван жилд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нь үнээний сүүг орлох хамгийн сайн сүү гэж тооцогдож буй тул эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна” гэжээ. Зарим хүн үнээний сүүнд агуулагдах уургаас харшилдаг бол харшил үүсгэх уг бодис ингэний сүүнд агуулагддаггүй. Мөн бусад малын сүүтэй харьцуулахад ингэний сүү нь удаан хугацаанд шинэлэг чанараа хадгалдаг. Үүнээс гадна ингэний сүү нь эрүүл мэндийг дэмжих, анагаах ухааны чухал ач холбогдолтой болохыг олон судалгаагаар нотолсон байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2024 оныг “Олон улсын тэмээний жил” хэмээн зарласан.
“Сүүлийн үед ингэний хоормог, сүүг монголчууд төдийгүй дэлхий дахинд үнэ хайрлахгүй авах хүмүүс нэмэгдсэн” хэмээн “Ингэн тагш” компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Ирээдүй хэлээд эрэлтээ дагаад тэмээ малладаг малчид тодорхой хэмжээгээр өсөж буйг онцолсон.
Ингэний хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсноор мал эмнэлгийн тусламж үйлчилгээ, өвс хангамж, үржил селекцийн ажлыг хариуцсан олон ажлын байр бий болно хэмээн “Ингэн Эрдэнэ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Хишигбаяр хэлэв.
Ингэний сүүг Саудын Араб руу гаргахаар үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг Тесо групп ажиллаж байгаа талаар Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Баярмагнайн Батбаатар онцлов. Тус байгууллага нь Ази-Номхон далайн бүс нутагт сүүний салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор нэгдсэн, 13 гишүүн улс бүхий олон улсын байгууллага юм.
“Саудын Араб руу ингэний хуурай сүү экспортлох ажил хоёр улс хоорондын хил гааль болон харилцагч улсын Эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний комисс дээр хэлцлийн шатанд үргэлжилж байгаа. Харилцагч тал манайхаас бүтээгдэхүүн авч турших зөвшөөрөл нь гарчихсан” хэмээн Тесо Фүүдс компанийн гүйцэтгэх захирал Бандихүүгийн Түвшинжаргал хэлэв.
Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах “Ингэн Тагш” үйлдвэр хоногт 3,000 ширхэг, сард 50,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. “Малын гаралтай бүтээгдэхүүний хувьд хорио цээрийн асуудал их ярвигтай тул гадагш нь их хэмжээгээр экспортод гаргах боломж хомс байдаг” талаар үйлдвэрийн захирал, үүсгэн байгуулагч Цэдэвсүрэнгийн Цогзолмаа ярьсан юм.
“Ингэн Тагш”, “Ингэн Эрдэнэ” зэрэг ингэний сүүний салбарын үйлдвэрлэгчид нэгдэх цаг болсон гэж тэд үзэж байна. Эн тэргүүнд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал болохыг Д.Хишигбаяр онцолсон юм.
Аймагтаа хамгийн олон тэмээтэй Баянлиг суманд малчдын фермийн аж ахуй байгуулагдахаар зэхэж байна. “Малчид бүлэг, хоршооны зохион байгуулалтад орсноор бие биедээ туслах, хамтарч ажиллах, хөдөлмөрөө хуваарилж хийх дэвшил гарч байгаа. Мөн орон нутгийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, тэлэх, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бий болно” хэмээн сумын засаг дарга Оргодолын Мөнхбат хэллээ.
Ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 192 гишүүнтэй “Өнө тэгш дүүрэн” тэмээчдийн хоршооны нэг гишүүн нь малчин Л.Хандмаа юм. Тус хоршоо нь удахгүй сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, малчдаа фермийн зохион байгуулалтад оруулахаар бэлтгэж байна. “Сүүний гарцыг нэмэгдүүлэх, зарим тэмээгээ цахилгаан саалтуурт дасгах оролдлого хийж байгаа” гэж тэрээр хэлээд фермийн зохион байгуулалтад орох боломжтой санагдаж буйг дурдсан. Л.Хандмаа “Санаа нэгдсэн хүмүүстэй хамтраад хөдөлмөрөө нэгтгээд сүү саалиа өндөр үнээр борлуулаад, тогтмол орлоготой болж байвал аштай юу” гэв.
Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.