Монгол орон дахь их нүүдэл

Залуу гэр бүлүүд яагаад хөдөө нутгийг зорин нүүдэллэх болов

Цэвэр, бохирын шугамгүй гэрт түлээний модоо өөрсдөө хагална. Гэвч нэгэн цагт хотын иргэд явсан эдгээр залуус сэтгэл шулуудсан тухайгаа ярьж байна.

Монгол орон газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог.  Харин тус улсын хүн амын бараг тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суух аж. Гэтэл нийслэлийн газар нутгийн хэмжээ нь улсынхаа нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг.

Монголчууд ийнхүү олноороо нийслэл хотод суурьших болсон нь 1990 оноос эхлэлтэй. Тухайн үед Монгол Улс социалист нийгмийг халж, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгосон. Улс орон шинэ системд шилжих явцад эдийн засгийн хямрал нүүрлэж, орон нутагт ажилгүйдэл эрс нэмэгдэв. Үүнээс улбаатайгаар өдгөө жил бүр ажил хөдөлмөр эрхлэх боломж хайж, амьдралын нөхцөлөө сайжруулах гэсэн иргэд орон нутгаас Улаанбаатар хот руу эрчимтэй шилжин суурьшиж байна. Энэ байдлаас үүдэн нийслэлд хот төлөвлөлтийн гажуудлаас үүссэн саад бэрхшээлүүд олширч, замын түгжрэл болон хөрс, ус, агаарын онц ноцтой бохирдол бий болжээ. Мөн Улаанбаатар нь дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг болсон байна.

Орон нутгаас нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, 1983-2022 онуудад

1989 онд Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол 2022 онд нийт хүн амын 49 хувь амьдарч байна.

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо.

Сүүлийн үед монголчууд, тэр тусмаа залуу гэр бүлүүд хөдөөг зорин нүүх давлагаа нэмэгджээ. Тэдний дийлэнх нь хотод амьдарч байсан болон гадаадад хэдэн жил амьдарч байгаад ирсэн залуус аж. Тангадын Туяа, Чагдгаагийн Батцэцэг, Бат-Эрдэнийн Өлзиймөнх нарын аж амьдралын жишээгээр бид хөдөө нутагт амьдрахаар сэтгэл шулуудсан залуу монголчуудын түүхийг өгүүлж байна. Тэд нутгийн иргэдээс суралцахын зэрэгцээ өөрсдийн мэдлэг, туршлагаа тэнд түгээж байна. Тэдгээр залуус хотод байхгүй тансаглал болох цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, эрх чөлөөт цаг хугацааг зорин иржээ.

МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН— Монгол орны хөдөө нутагт байшингийн гадаа мод, цэцэг дэлгэрэн өнгө нэмж байх аваас энэ нь сайтар тунгаан бодсон шийдвэр гэж ойлгож болно. Ахархан зун, эрс тэс өвлийн улиралтай энэ оронд  мод, цэцэг тарих нь асар их хүч хөдөлмөр, хөрөнгө шаардсан ажил болдог.

Тангадын Туяа, түүний нөхөр хоёр хөдөө нүүж ирвэл амьдрах юмсан гэж мөрөөдөж байсан эдлэндээ өдгөө аж төрж байна. Уужим хашаанд нь гацуур, хуш, мөнх ногоон мод, зүлэг ургаж, өнгийн цэцэг алагладаг. Гоёмсог саравч бүхий хоёр давхар том торхон байшингийн арын өргөн зайд нямбай суурилуулсан гулсуур, савлуур харагдана. “Хотод бол амьдрах гэж тэмцэж байгаа цаг их байдаг бол хөдөөд амьдрах цаг хангалттай үлдэж байдаг” хэмээн Т.Туяа охиноо гулсуур дээр тоглуулангаа хэллээ.

Герман улсад эрх зүйч мэргэжлээр суралцсан Т.Туяа эх орныхоо хөгжлийн төлөө сурсан мэдсэнээ зориулахаар 2013 онд Монголдоо эргэн иржээ. Гэвч авлига, хээл хахууль, ажилгүйдэл, амьдралд хүрэлцээгүй цалингийн асуудалтай нүүр тулсан тэрээр Герман руу буцлаа. Тэрээр үргэлжлүүлэн Австри улсад амьдарч байхдаа Хендрик Фишер хэмээх залуутай танилцан, гэрлэж, хүүхдүүдтэй болов. Гэвч хүүхдүүд нь монгол хэлээ бүрэн эзэмшиж чадахгүй байгаад санаа нь зовнисон Т.Туяа 2018 онд эх орондоо буцаж ирэв. Тэд одоо 1-ээс 8 насны дөрвөн хүүхдийн эцэг, эх болжээ.

Монгол Улсад бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх зорилготой,  сэтгүүлчдийг чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох Хэвлэлийн хүрээлэнгийн 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд гадаадад суралцсан залуусын 94 хувь нь Улаанбаатарт амьдардаг байна. Харин Т.Туяад бодсон бодол байлаа. “Бид төвлөрлөөс хол, агаар сийрэг газар амьдрахын тулд Мөрөндөө хамгийн захад амьдардаг” гэж тэрээр хэлэв. Энд хөрс, агаарын бохирдол Улаанбаатарынхаас хамаагүй бага байдгийг мөн хэллээ.

ЖИЛ БҮР
0
ХҮН АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДСЭН ЭМГЭГИЙН УЛМААС НАС БАРЖ БАЙНА
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлан “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь төсөл (2018-2023)”
ЭНЭ НАС БАРАЛТЫН
0
НЬ 5 БУЮУ ТҮҮНЭЭС БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлан “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь төсөл (2018-2023)”

Дөрвөн ч хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа Т.Туяа ном уншиж бясалгал хийх, хувийн бизнесээ удирдахын хажуугаар сайн дурын ажил хийх цагийг ч гаргаж амждаг аж.

Тэрээр эх орондоо эргэж ирсэн жилдээ нөхрийн хамт Европын соёлын өв, уран барилгын зураг төслийн захиалга гүйцэтгэдэг Fis Gis ХХК-ыг Хөвсгөл аймагт байгуулжээ. Тэд ажлаа цахимаар явуулдаг ба ихэвчлэн Австри улсаас ажлын захиалга орж ирдэг.

Т.Туяа хувийн бизнесийн хажуугаар хүүхдэд зориулсан хөгжлийн төв байгуулах төсөлд сайн дураар хувь нэмрээ оруулж  байна. Хөвсгөл аймагт хүүхэд, өсвөр насныхан авьяас чадвараа хөгжүүлж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар ховор байгаа нь бусад орон нутагт нийтлэг тулгардаг асуудал юм. Эцэг, эхчүүд 100,000-аас 150,000 төгрөг (29-43 ам.доллар)-ийн төлбөртэй сургалтад хүүхдүүдээ тэр бүр хамруулж чаддаггүй. Энэхүү төвд 20,000 гаруй номтой номын сан байгуулж өгч, номын санчийг цалинжуулахаар зорьж байгаагаа Т.Туяа хэлээд “Хүүхэд ганцаараа хөгжих хангалтгүй, бүх хүүхдүүд хөгжиж байж миний хүүхдүүд сайн сайхан амьдарна” гэлээ.

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ТАРИАТ СУМ — 2020 оны сүүлээр Бат-Эрдэнийн Өлзиймөнхийн эхнэр хөл хүнд болох үед тэд хүүхдээ хөдөө нутагт төрүүлж, өсгөхөөр шийдэв. Мөнгөнөөс илүүтэй нялх хүүхэд, эрүүл мэндээ чухалчилсан нь энэ байлаа. Залуу хосууд Б.Өлзиймөнхийн төрсөн нутаг Архангай аймгийн Тариат сум руу нүүх шийдвэр гарган, дараа жил нь Улаанбаатар хотоос явжээ.

Хотын амьдрал тэднийг туйлдуулсан байв. Нөхөр ажил дээрээ олон цагаар сууж, замын түгжрэлд гэлдэрсээр өдрийг бардаг байлаа. Тэрээр удаан хугацаанд стресстэй явснаас үүдэн идэх дуршилд автаж, жин нь нэмэгдсээр 100 кг (220 фунт)-аас илүү гарав. Амьсгаадан, цээж нь гашуу оргиж, нойрондоо муудаж, харин эхнэр Ганболдын Нинжбадгар байнга гадуур хооллосноор ходоод өвддөг болжээ.

Тэд хоёул хөдөө төрж, өссөн ч хотын сайхан амьдралыг хүсэж мөрөөдөж ирсэн тул их сургуулиа төгсөөд Улаанбаатарт үлджээ. Хэн хэн нь орлого сайтай, ажил хөдөлмөрийн хувьд томоохон ахиц дэвшилтэй байсан боловч бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай амьдарч чадахгүй байв.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ЗАМЫН ТҮГЖРЭЛД
ИРГЭД ДАРААХ ЦАГ ХУГАЦААГ АЛДАЖ БАЙНА

2.5
ЦАГИЙГ ӨДӨР ТУТАМ
38
ӨДРИЙГ ЖИЛ БҮР
Эх сурвалж: Улсын Их Хурал

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ЗАМЫН ТҮГЖРЭЛД
ИРГЭД ДАРААХ ЦАГ ХУГАЦААГ АЛДАЖ БАЙНА

₮2.7
ИХ НАЯДЫГ ЖИЛ БҮР
Эх сурвалж: Улсын Их Хурал

2021 оны зун эд хогшлоо машинд ачаад, хотоос гарах мөчид тэд эмээж, шийдвэртээ эргэлзэх сэтгэл төрж байлаа.  Гэсэн ч хөдөө ирснээр  байгалийн сайхан, агаарын тунгалаг, нутгийн хүмүүсийн тусч сэтгэл тэднийг бишрүүлжээ.

Хөдөө идээшиж дасах эхэндээ амар байсангүй. “Байранд амьдардаг байсан хүмүүс хөдөөний  ажлаас хөндийрсөн, морь малаасаа айдаг болсон, гэрээ барих гээд ханаа ч дугуйлж чадахгүй байсан” хэмээн Б.Өлзиймөнх хэлэв. Ажилд орж чадалгүй долоон сар хүлээхдээ мах, цагаан идээний жижиг худалдаа хийж амьжиргаагаа залгуулж үзжээ. Гэвч хэцүү бүхэн ард үлджээ.

Тэд цахим орчинд идэвхтэй байж, “Хөдөөгийн баясгалан” нэртэй фэйсбүүк хуудсаараа хөдөөгийн амьдралын талаарх өөрсдийн туршлагаа хуваалцдаг.

Г.Нинжбадгар одоо сургуульд бичиг хэргийн ажилтнаар ажиллахын зэрэгцээ сумын хүүхдүүдэд бүжиг зааж байна. Б.Өлзиймөнх хөдөө нэн чухал хэрэгцээтэй байдаг халуун усны газар ажиллуулдаг. Тэрхүү халуун усны газар нь шүршүүр, сандал, өлгүүр бүхий хувцас солих хэсэгтэй 10 жижиг өрөөтэй. Мөн Б.Өлзиймөнх хоббиныхоо дагуу хурдан морь маллаж, монгол банхар тэжээж байна.

Тэдний хэлж буйгаар гэр бүлдээ болон дуртай зүйлдээ цаг гаргаж чадах болсон нь хамгийн чухал юм. Г.Нинжбадгар “Би хотод байхдаа маш олон цагаар ажиллаж, ажлаа амжуулах гээд зав чөлөөгүй гүйсээр залуу насныхаа эрч хүчийг их алдаж байсан байна билээ” хэмээгээд “Харин хөдөөд би ажлаа хийж, хүүхдүүдэд бүжиг заагаад, хүүтэйгээ оройжин тоглох зав гарч байна” гэв.

МОНГОЛ УЛС, БУЛГАН АЙМАГ, ХАНТАЙ БАГ — Гялалзсан цагаан өнгөтэй төгөлдөр хуур дээр Бетховены “Элизед зориулав” аяыг эгшиглүүлэн тоглож буй бүсгүйг Чагдгаагийн Батцэцэг гэнэ. Түүний байшингаас гарахад ямар ч нүргэлсэн, тархи ядраасан дуу чимээ угтахгүй ба машины дуут дохио хангинана гэж үгүй. Болжморын жиргээнээс өөр түүнд саад болох анир чимээ үл оршино.

Ч.Батцэцэгийн гэрээс  холгүй Монгол орны томоохон гол мөрний нэгд тооцогдох Эгийн гол урсана. Голоо бараадан арав гаруй хүрэн байшин бүхий жижиг суурин оршино.

Энэхүү Хантай багт Ч.Батцэцэг нүүж ирээд нэлээд хугацааг өнгөрүүлжээ. 2018 онд Ч.Батцэцэгийн хоёр настай охин өвдөж, өвөл нь нийслэлийн агаарын бохирдол ид гамшгийн хэмжээнд хүрч, жолооч урдах машинаа ч олж харж чадахаа больсон үе байв. Ч.Батцэцэг тэгэхэд л хотоос нүүх ёстойгоо ухаарчээ. “Тэр үед хүүхэд Улаанбаатар хотод амьсгалахад ч хэцүү байсан шүү дээ. Энэнээс болоод хүүхдээ эрүүл агаарт өсгөх юмсан, илүү бага ханиад хүргэх юмсан гэсэн хүсэл байсан” гэж тэрээр хэллээ.

Тэр өвөл Ч.Батцэцэг “Хөдөө амьдарцгаая” нэртэй фейсбүүкийн бүлэг үүсгэж улмаар “Хөдөөгийн шинэчлэл-Хөгжлийн түншлэл” төрийн бус байгууллага байгуулан өргөжүүлжээ. 2020 оноос хойш тэрээр хот, суурин газраас орон нутагт ирж байгаа хүмүүст туслах зорилготой тус байгууллагын захирлаар ажиллаж байна.

2021 онд тэрээр Улаанбаатараас Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу нүүж, дараа нь нутгийн малчны урилгаар Хантай багт суурьшжээ. Гол зорилго нь орон нутагт залуу хүмүүс харилцан нэг нэгнээсээ суралцаж, байгалийн сайханд амьдарцгаах байв.

Англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй, Улаанбаатар хотод гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хоёр ч бизнес эрхлэн явуулдаг Ч.Батцэцэгийн хэлснээр хөдөө амьдрахад учирч буй хамгийн том бэрхшээл нь тэнд дасан зохицож амьдрах ур чадвар суугаагүйд байжээ. Тэрээр анх энд ирээд худгаас ус авах, шанд татах, түлээний мод бэлтгэх, зуух галлах, тэр бүү хэл хоол хийх зэрэг бүх зүйлийг эхнээс нь сурах шаардлагатай тулгарсан байна. Ч.Батцэцэг хурал чуулганы арга хэмжээтэй их хотын бужигнаанд дадсан байснаа хэлээд  “Харин яг энэ орчинд ирээд би сул дорой, ажилгүй, анхиагүй нөхөр болж хувирсан. Нутгийн хүмүүс надад сайн дураараа тусалж, би энэ хүмүүсээс их зүйл сурч байна” гэсэн юм.

Ургамал, цэцэг ихтэй, үзэсгэлэнтэй энэ газар зөгийн аж ахуйд тааламжтай тул Ч.Батцэцэг өнгөрсөн зун зөгий тэжээн, арвин их бал хураажээ.  Энэ жил харин нутгийн эмэгтэйчүүдийг зөгийн аж ахуйн сургалтад хамруулж, “Баялаг Хантай” хоршоог хамтран байгуулж, зөгийн бал, лав тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Хантайн брэнд бүтээгдэхүүн бий болгохоор ажиллаж байна.

Анх тэрээр хөдөөг хот шиг хөгжүүлэх мөрөөдөлтэй  энэ нутагт хөл тавьж байв. Харин одоо энэ зорилго нь өөрчлөгдөж, хөдөөг, байгалийг байгаагаар нь хэрхэн авч үлдэх вэ гэж бодох болжээ. “Байгаль, эрүүл агаар, эрүүл хөрс, ус, нүүдэлчин соёл иргэншил, амьд үлдэх ур чадвар гээд юунаас ч үл хамааралтай энэ эрх чөлөөтэй амьдралын хэв маяг миний хувьд болон миний үр хойчид үнэ цэнтэй байх болов уу” гэж тэрээр хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас шилжин суурьших хөдөлгөөнийг урвуулах хэд хэдэн арга хэмжээг аваад байна.

Иргэд болон бизнесүүдийг Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжүүлэх зорилготой. Ерөнхий сайдын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх Баянгэрэлийн Батбаатарын хэлснээр залуусын үзэл бодолд өөрчлөлт гарч байгаа нь энэхүү урвуу хандлагаас харагдаж байна. Хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс дурдвал:

  • 1
    Орон нутагт шилжин суурьшиж буй, анх удаа үл хөдлөх хөрөнгө авч буй иргэдэд 3 хувийн хүүтэй хувийн сууцны зээл олгох төсвийг 2023 онд суулгах санаачилгыг Монгол Улсын Засгийн газар эхлүүлэв.
  • 2
    Засгийн газраас мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж, мөн бага хүүтэй зээл олгож байна.
  • 3
    Орон нутагт ирж, амьдрах хүсэлтэй иргэдэд утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай ажилтнуудыг 21 аймагт томилон ажиллуулж байна. Түүнчлэн засгийн газраас huduu.mn хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл өгч байна.